Мянгад, Чандмань суманд "Сүү, цагаан идээ боловсруулах цех" байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-01 15:58:00

Ховд /МОНЦАМЭ/ НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн газраас хэрэгжүүлж буй "Secim-2" төслийн хүрээнд энэ онд Мянгад, Чандмань суманд "Сүү, цагаан идээ боловсруулах цех" байгуулахаар төлөвлөж байна.

Европын холбооны санхүүжилтээр Монгол улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуй болон Аж үйлдвэр, Хөгжлийн байгууллага хамтран хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх  "Secim-2"  төслийг 2017 оноос эхлэн Ховд аймагт хэрэгжүүлж байгаа. Уг төслийн хүрээнд Булган, Дуут суманд "Сүү, цагаан идээ боловсруулах цех" байгуулж, тус сумын 60 гаруй иргэн ажлын байртай, малчид тогтмол орлоготой болсон байна. Цехийн ажилтнууд одоогийн байдлаар аарц, масло, цөцгийн тос, ааруул, жимстэй, цөцгийтэй тараг зэрэг 8 төрлийн 12 нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд борлуулж байна. Төслийн зүгээс энэ онд Мянгад, Чандмань суманд "Сүү, цагаан идээ боловсруулах цех" байгуулахаар төлөвлөж байна. 

Энэ хүрээнд "Secim-2" төслийн Ховд аймаг дахь зохицуулагч Н.Батцагаан, төслийн мэргэжилтнүүд Мянгад суманд ажиллаж, баг бүрийн малчин, саальчин эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзаж, “Сүүний нэмүү өртгийн сүлжээнд оролцогч талуудын хамтын ажиллагаа, боломж сайжруулах арга зам” сэдэвт сургалт зохион байгууллаа. Энэ үеэр малчид, иргэдэд сүү, сүүн бүтээгдэхүүнийг түшиглэн орлогоо нэмэгдүүлж, улмаар тогтмол ажлын байраар хангагдах боломж нээлттэй байгааг төслийн зүгээс онцолж хэллээ. Мөн сургалтад хамрагдсан иргэд нэгдэж хоршоолол байгуулснаар төслөөс дэмжлэг авч цех байгуулах, хамтран ажиллах боломж бүрддэг гэж танилцууллаа.

                                                                                                                                                                                               Н.Лхагва

Холбоотой мэдээ