“Үндэсний өв соёл” үзэсгэлэнд 30 гаруй үзмэр дэлгэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-01 17:17:48

Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Музей сан хөмрөгөө жил бүр баяжуулж, олон нийтэд сурталчлан ажилладаг. Энэ хүрээнд  шинээр нэмэгдсэн түүх соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий үзмэр, эд өлгийн зүйлсийг олон нийтэд сурталчлах, танилцуулах, музейн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Үндэсний өв соёл” сэдэвт үзэсгэлэнг 2 дугаар сарын 25-наас 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд олны хүртээл болгож байна. 

Аймгийн музейд 910 төрлийн 3126 ширхэг түүх, соёлын хосгүй үнэт үзмэр, эд өлгийн зүйлс хадгалагдаж байгаа бөгөөд энэ удаа 30 гаруй үзмэрийг дэлгэн үзүүллээ. Музейн хамт олон 2018 онд 11 ширхэг түүх, соёлын дурсгалт үзмэр авахаар 8 сая 700 мянган төгрөгийн санхүүжилт батлуулснаар Чандмань сумын харьяат Батын Хаш-эрдэний үе дамжсан мөнгөн завьяа аяга, иж бүрэн хэт хутга, Зэрэг сумын харьяат, соёлын өв тээгч Банзайн Батмөнхийн урласан 3 төрлийн товшуур хөгжим зэргийг иргэдээс худалдан авч, сан хөмрөгөө баяжуулсан байна. 

                                                                                                                                                                                                   Н.Лхагва        

Холбоотой мэдээ