Мянганы сорилтын корпорацийн Хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурав

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2019-03-06 08:51:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд, Монголын Мянганы сорилтын сангийн Удирдах Зөвлөлийн дарга Д.Цогтбаатар АНУ-ын МСК-ын Европ, Ази, Номхон Далай, Латин Америкийн бүс нутаг хариуцсан захирал хатагтай Каролин Нуенг хүлээн авч уулзав. 

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын МСК Монгол Улсын усны салбарт 350 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх Мянганы сорилтын Компакт гэрээг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Компакт гэрээ хэрэгжсэнээр Улаанбаатар хотын ус хангамжийг 80 хүртэл хувиар нэмэгдүүлнэ хэмээн тооцож байгаа юм. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хатагтай Каролин Нуентэй уулзахдаа компакт гэрээний Хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурав. Уг гэрээнд Мянганы сорилтын Компакт гэрээний хэрэгжилт, талуудын үүрэг оролцоо, татвараас чөлөөлөх зэрэг чухал асуудлыг нарийвчлан зохицуулсан байна. Гэрээнд гарын үсэг зурснаар Компакт гэрээний хэрэгжилтийн бэлтгэлийг хангах нэгэн чухал зорилт биелэлээ олж буйг талууд онцлон тэмдэглэв.

Уулзалтад АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески болон МСК-ын төлөөлөгчид байлцав.

Холбоотой мэдээ