Торгоны замын орнуудын гэрэл зургийн уралдааны бүтээлийг авч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Торгоны зам дагуух орнуудын байгалийн үзэсгэлэн, бүтээн байгуулалтын үр дүнг харуулсан гэрэл зургийн бүтээлийг 3 дугаар сарын 28-ныг хүртэл БНХАУ-ын Олон улсын радиод хүлээн авч байна.
Тус уралдаан Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтын үр дүнг камерын дурангаар харуулж, энх тайвны хамтын ажиллагаа, харилцан ашигтай хөгжих Торгоны замын үзэл санааг сурталчлан, Хятадын ард түмэн ба Нэг бүс нэг зам дагуу орнуудын ард түмний найрсаг харилцаа, солилцоо, найрамдал, холбогдох орнуудын уул ус, зан заншлыг танилцуулах зорилготой аж. Гар утас, зургийн аппаратаар авсан гурав буюу хэд хэдэн зургаас бүрдсэн цуврал байж болно. Өнгөт, хар цагаан байж болохоос гадна зургийг JPEG форматаар өгөх шаардлагатай аж. Оролцогч нь нэр, улсын харьяалал, холбоо барих хаяг, зураг авсан газар, зургийн нэр, 150 хүртэлх үгтэй товч танилцуулгыг илгээх ёстой юм байна.
Бүтээлийг withyou2019@qq.сom болон -Facebook-ын https://www.facebook.com/CRI.Mongol хаягаар хүлээн авч байна. Бүтээлийг нээлттэй, шударга байх зарчмын дагуу тусгай мэргэжилтнүүд шалгаруулж, интернэтийн санал хураалтын дүнг харгалзаж эцсийн дүнг гаргана. Тэргүүн байранд 10 хүний бүтээлийг шалгаруулан Хятад улсад болох шагнал гардуулах ёслолд урьж, орон нутгаар аялуулан судалбар зураг авахуулна. Мөн шилдэг 100 оролцогчийг өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнаж, зургийнхаа тухай шилдэг түүх бичсэн оролцогчдыг ч урамшуулах юм байна.