"Boeing -737" нисэх онгоц осолджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-03-11 09:13:53
Yesukheitumur Tumurbaatar

АДДИС АБЕБА. /BBC/. Этиоп улсын иргэний агаарын тээврийн “Ethiopian Airlines” компанийн “Boeing-737 Max-8” нисэх онгоц ням гарагт осолдож, 149 зорчигч, нисэх багийн 8 гишүүн бүгд амиа алджээ.


Этиоп улсын нийслэл Аддис Абеба хотоос Кенийн нийслэл Найроби хотын чиглэлд нисэж байсан тус онгоц хөөрөөд 6 минутын дараа орон нутгийн цагаар 08:44-д Аддис Абеба хотоос зүүн урд зүгт 60 км зайтай Бишофту тосгоны ойролцоо осолджээ. 


Аврах албаныхан ослын газарт ажиллаж байгаа бөгөөд ослын шалтгаан, ямар хохирол учирсан талаарх мэдээлэл одоогоор тодорхой болоогүй байгаа аж.


Нүдээр харсан хүмүүсийн ярьснаар, онгоц газарт унахдаа их хэмжээний гал гарч, дэлбэрэлт болжээ. Этиопын Ерөнхий сайд Абий Ахмед Али твиттер хуудсаараа дамжуулан гүн эмгэнэл илэрхийлсэн байна. 


“Boeing-737 Max-8” загварын нисэх онгоц нь 2016 оноос нислэг хийж эхэлсэн, харьцангуй шинэ загварын нисэх онгоц юм. “Ethiopian Airlines” компани өнгөрсөн оны сүүлээс уг онгоцыг үйлчилгээндээ ашиглаж эхэлжээ.


Африк тивийн олон чиглэлд нислэг хийдэг тус компани аюулгүй байдлын үнэлгээгээрээ харьцангуй дээгүүрт тооцогддог юм. Хамгийн сүүлд 2010 онд Бейрутаас хөөрсөн онгоц нь Газар дундын тэнгист осолдож, 90 хүн амиа алдаж байсан аж.


Үүнээс гадна Индонезийн “Lion Air” компанийн “Boeing 737 Max-8” нисэх онгоц одоогоос таван сарын өмнө Явагийн тэнгист осолдож, 189 хүн амиа алджээ. 

Холбоотой мэдээ