Хар тамхи, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чадавхаа сайжруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-12 17:07:06
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хар тамхи хил нэвтрүүлэх, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чадавхийг сайжруулах сургалт өнөөдөр Гаалийн ерөнхий газарт /ГЕГ/-т эхэллээ. Тус сургалтад Гаалийн байгууллагын гүний болон хилийн боомтын 50 алба хаагч хамрагдаж байна.


Сургалтаар хар тамхи хэрэглэгчийг таних, тэдний ачаа тээш, шуудан илгээмжийг шалгах, сэжигтэй эд зүйлийг тусгай техникээр шалган тогтоохдоо хууль журмын хүрээнд хэрхэн гүйцэтгэх талаар дадлага, сургууль хийлгэх юм. Мөн мөнгө угаах гэмт хэргийн талаарх ойлголтыг зузаатгаж, түүнийг илрүүлэх арга техник ашиглах, олон улсын туршлагыг судлан, ажилдаа нэвтрүүлэх чадвар олгох зорилготой аж. 



Сургалтын хүрээнд, Их Британийн Гаалийн алба, Нийслэлийн прокурорын газар, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар, Монголын банк, санхүүгийн мэдээллийн алба зэрэг байгууллагын төлөөлөл дээрх төрлийн гэмт хэргийн талаар цаг үеийн мэдээлэл танилцуулав.


Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газар, ГЕГ-ын Хэвлэл мэдээлэл, сургалт, судалгааны төв, Эрэлч нохойн сургалтын төв хамтран зохион байгуулж буй уг сургалт энэ сарын 13-н хүртэл үргэлжилнэ.

Холбоотой мэдээ