Улиастайн дулаан үйлдвэрлэгч компаниуд алдагдалтай ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-03-13 23:54:49

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймагт дулаан үйлдвэрлэгч байгууллагууд мэдээлэл хийлээ. Улиастай хотод дулаан үйлдвэрлэгч 38 аж ахуй нэгж жилд дунджаар 20000-22000 тонн нүүрс хэрэглэдэг байна.

Аймгийн хэмжээнд нийт 28000 метр урт шугам сүлжээгээр 350 000 метр куб эзэлхүүнийг халааж байгаа гэв. 2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 23000 тонн нүүрсний нөөц хангаснаас өнөөдрийн байдлаар 4800 тонн буюу 14-20 хоногийн нөөцтэй байгаа аж. Энэ жил Могойн голын нүүрсний илчлэг, шаталт муу, шороо, чулуу ихтэй байгаа нь өмнө жилүүдээс илүү их, дунджаар 28000-30000 тонн нүүрс хэрэглэж байна. Хэдийгээр цаг агаар дулаарч байгаа хэдий ч зарим дулаан үйлдвэрлэгч компаниуд хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэл гарч байгаа.

Тухайлбал Могойн голын уурхай нэг тонн нь 55000 төгрөгийн үнэтэй сайн нүүрсээ манай аймагт өгдөггүй. Шороо, чулуу ихтэй, шаталт муу нүүрсийг нэг тонныг нь 28000 төгрөгөөр өгч байгаа. Нүүрс хямд авч байгаа нь сайн ч гэлээ чанар муу болохоор зардал их, нүүрсний хэрэглээ өндөр гарч байна. Нүүрс тээврийн хэрэгсэлд даацын буюу тэнхлэгийн хязгаарлалт хийж, нүүрсний хэмжээ бага ирж, дулаан үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдэд алдагдал ихтэй мөн орон сууцны айл өрхүүд, аж ахуйн нэгжүүд 2019 он гарсаар хүйтэн байснаас Улиастайд ханиад, томууны дэгдэлт ихсэхэд нөлөөлсөн.

Тиймээс хэрэглэгчдэд нөхцөл байдлыг ойлгуулах нь зөв юм. Мөн хэрэглэгчид өөрийн орон байрны дулаан алдагдлыг бууруулах хэрэгтэй байна. Учир нь өдөртөө хангалттай түлшээр дулааныг өгч байгаа ч нэг байрны оршин суугчид харилцан адилгүй халж байгаа талаар ярих нь өрөөсгөл юм. Түүнчлэн байрны оршин суугчид шугамын ус буюу паарны усыг зориулалтын бусаар хэрэглэж дулааны шугамд тодорхой хэмжээний нөлөө үзүүлж байна. Гэсэн хэдий ч халаалт хаах хүртэл хэрэглэгчиддээ хэвийн дулааныг нийлүүлэхээр ажиллаж байгаа хэмээн дулаан үйлдвэрлэгчид дуулгав. 

Холбоотой мэдээ