Давж заалдсан иргэний ял хүндэрч байгааг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-14 09:56:09
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өчигдөр болж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэв.


Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд, анхан шатны шүүхээс ял авсан иргэн дээд шүүхэд гомдол гаргахад, түүнээс хүнд ял оноож болохоор заасан байгааг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлээ.


Учир нь, Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэх эрхэм зорилгын агуулгад нийцэхгүй байхаас гадна хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл шүүхийн шийдвэрийг давж заалдах иргэний үндсэн эрхийг хөндөж буй учир Үндсэн хуулийн цэц ийм шийдвэр гаргав.


Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно” гэж заасны “... хүндрүүлж ...” гэснийг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;” гэж заасны “...  эсхүл хүндрүүлж ...” гэснийг, 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;” гэж заасны “...  эсхүл хүндрүүлж ...” гэснийг энэ сарын 13-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэв гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Холбоотой мэдээ