Эрдэнэт, Хангал голыг бохирдуулагч эх үүсвэрийг нь тогтоожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-03-14 12:55:36
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчин хамгаалах хэлтэс, аймгийн БОАЖГ,  Сэлэнгэ голын сав газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний газар  хамтран Эрдэнэт, Хангал голын усанд шинжилгээ хийжээ.

Шинжилгээний дүнд 3-4 дүгээр үеийн бага бохирдолтойгоос-бохир гэсэн хариу гарчээ. Тиймээс голыг бохирдуулж буй эх үүсвэрийг судлахад 11 аж ахуйн нэгж байгууллага, иргэний харьяалалд эзэмшилтэй 17 эх үүсвэр бүртгэгдсэн байна. Тодруулбал, Эрдэнэт голыг ес, Хангал голыг найман эх үүсвэр шууд болон шууд бусаар бохирдуулж байгаа аж.

Үүнээс Цэвэрлэх байгууламж, Хаягдлын аж ахуй, ЭДЦС-ын “Үнсэн сан”, аймгийн хогийн цэг зэрэг нь шууд, голын голдирол дагуух гэр хороолол, машин засвар, угаалгын газар, дугуй засварын газар, “Сархиа” цанын бааз нь шууд бусаар бохирдуулж байсан нь тогтоогджээ.

Мөн Баян-Өндөр сумын Говил багийн вокзал орчмын орон сууцны бохирын худаг дүүрч Хангал гол руу шууд орж байсныг дээрх судалгааны үеэр илрүүлж худгийг зассан байна. Иймд жил бүрийн зуны улиралд дээрх шинжилгээний баг графикын дагуу тус тусдаа  дээж авч  мэдээллээ нэгтгэхээр боллоо.  

Холбоотой мэдээ