Зэвсэгт хүчний 167 дугаар ангийг "Цэргийн гавьяаны одон"-гоор шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-14 15:01:09
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчний 98 жилийн ой-Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Өмнөговь аймаг дахь Зэвсэгт хүчний 167 дугаар ангийг "Цэргийн гавьяаны одон"-гоор өнөөдөр шагнав.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт:

“…Монгол Улсын халдашгүй дархан байдлыг батлан хамгаалж, эх орон, төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, зэвсэгт хүчний тасралтгүй үйл ажиллагааг хангахад оруулсан тус ангийн үе үеийн ажилтан албан хаагч, цэрэг, офицерүүдийн гавьяа зүтгэлийг үнэлж, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнасугай” гэжээ.


Зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж, сонордуулсны дараа одонг тус ангийн туганд ёслол хүндэтгэлтэйгээр зүүсэн юм.



Тэрбээр, "Эрхэм генерал, офицер, ахлагч, ажилчин, албан хаагч, гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчид аа. Эрхэм зочид, ахмад дайчид аа.

1973 онд тулгын чулуугаа тулж, гал голомтоо бадраасан БНМАУ-ын баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн нэрэмжит Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн хамт олон, зочид төлөөлөгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.


Тус анги БХЯ-ны сайдын 1973 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн н/228 тоот тушаалаар Даланзадгад суманд анх шаваа тавьж байсан үеэс хойш эдүгээ 46 дахь хавартайгаа золгож байна.


Түүхэн замналынхаа хугацаанд Мотобуудлагын тусгай батальон, Мотобуудлагын тусгай хороо, Мотобуудлагын бригад, 2002 оноос Мотобуудлагын тусгай хороо зэрэг бүтэц, орон тоотойгоор Монгол Улсын стратегийн өмнөд чиглэлийг батлан хамгаалж, эх орныхоо тусгаар тогтнол бүрэн бүтэн байдлыг хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн.


Танай ангийн хамт олон Батлан хамгаалахын сайдын болон ЗХЖШ-ын даргын нэрэмжит цогцолбор шалгалтуудад тогтмол амжилттай дүн үзүүлж цэргийн сургалт бэлтгэлээр “Тэргүүний анги”-ийн болзлыг удаа дараа биелүүлж, байлдааны болон дайчилгааны бэлэн байдлыг хангаж, НҮБ-ын энхийг дэмжих болон Олон улсын бусад ажиллагаанд оролцож үүргээ амжилттай биелүүлж ирсэн билээ.



Дээрх үйл хэргийг бүтээхэд гар бие оролцож ирсэн үе үеийн удирдлага, ахмад үеийнхний үйл хэргийн залгамжлал, өнөөдөр эх орондоо тангараг өргөн эр цэргийн албанд мөр зэрэгцэн албаа хааж байгаа байлдагчаас эхлээд ажил албандаа бүтээлчээр хандаж, ирээдүй өөд итгэлтэй тэмүүлсэн цэргийн алба хаагчдын хөдөлмөр, нэгэн үзүүрт сэтгэл, зүтгэлийг Монгол Улсын төр, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч ихээр үнэлж, “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнасныг гардуулж байгаадаа таатай байна.


Зэвсэгт хүчний хөгжлийн чиг хандлага, “Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчин”-ийг бэхжүүлэхэд цэргийн сургалт бэлтгэл, албаны бэлэн байдал, цэргийн алба, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, Батлан хамгаалах салбарын эрх зүйн өөрчлөлтийг амьдрал, үйл ажиллагаанд нэвтрүүлэх зэрэг зорилтууд та нөхдийн өмнө ирлээ.


Энэ зорилго зорилтуудыг ханган биелүүлэхэд шинээр одон авсан, баялаг түүхтэй танай ангийн хамт олон манлайлж, Зэвсэгт хүчний тэргүүн эгнээнд байж Монгол Улсынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэдэгт итгэж байна.


Та бүхний цаашдын ажил үйлсэд улам их өндөр амжилтыг хүсье” гэлээ.

Холбоотой мэдээ