Зохиогчийн эрхийг зөрчлийн хуулиар бүрэн хамгаалж чадахгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-15 14:51:57
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мөрдөн байцаах алба /МБА/-ны байранд өнөөдөр “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг болов. Зохиогчийн эрхийг зөрчлийн хуулиар бүрэн хамгаалж чадахгүй байгааг уран бүтээлчид онцолж байна.


Хэлэлцүүлгийг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Оюуны өмчийн газар, уран бүтээлийн продакшны төлөөлөл хамтран зохион байгууллаа.



“Фантастик” продакшны найруулагч, МУГЖ О.Бат-Өлзий, “Уран бүтээлчид кино бүтээхэд маш их хөрөнгө, цаг хугацаа, олон хүний хүч хөдөлмөр зарцуулдаг. Үүнийхээ дараа тухайн бүтээлээ хамгаалах гэж шаналж байна. Зөрчлийн хуулиар, зохиогчийн эрх зөрчвөл хувь хүнийг 500 мянган төгрөгөөр л торгодог юм байна. Харин бид хохироод л үлддэг. Хамгийн сүүлийн жишээ ярихад, "Байтаг богд" УСК нээлтээ хийгээд, кино театраар гарч байх үед алдагдаж, цахим орчинд тарсан. Манай продакшны залуусын хийсэн тооцоогоор, 130 мянга гаруй хүн үзсэн байна билээ. Гэтэл Оюуны өмчийн газар дээр Зөрчлийн хуулиар л торгоод өнгөрдөг. Харин тухайн бүтээлийг тараасан этгээд түүнээс хавь их орлого олсон байж таарна. Тиймээс энэ хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож өгөх хэрэгтэй болов уу гэж бодож байна” гэлээ.  



“Оюуны өмчөө алдсан иргэн, хуулийн этгээдийн хохирлын хэмжээг нарийвчлан тогтоох мэргэжлийн байгууллага дутагдалтай байгаа”-г ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, ахмад Д.Эрдэнэбулган онцлов. Тэрбээр, “Манай улсад зохиогчийн эрхийг зөрчиж байгаа асуудлыг түгээмэл хэлбэр нь кино, контентийг зөвшөөрөлгүй цахим орчинд түгээдэг. Эрүүгийн хуулиар, их хэмжээний буюу 50 сая төгрөгөөс дээш хохирол учирсан бол эрүүгийн хэрэг үүсгэн, манай алба шалгана. Харин 50 сая төгрөгөөс доош хохиролтой тохиолдолд, Оюуны өмчийн газар Зөрчлийн хуулиар арга хэмжээ авна. Гэтэл өнөөдөр цахим орчинд нийтлэгдсэн кино, дэлгэцийн бүтээлийн хохирлыг нарийвчлан үнэлэх боломж хомс байна. Өөрөөр хэлбэл, хохирлыг үнэлэх мэргэжлийн байгууллага байдаггүй. Хэлэлцүүлгээр энэхүү асуудлыг хэлэлцэхээс гадна уран бүтээлчид  контентоо цахим орчинд алдахаас өөрсдөө хэрхэн хамгаалах, түүнд хуулийн байгууллага, оюуны өмчийн газрын оролцоог чухалчилж ярилцана” гэв.


Хэлэлцүүлгээр, "Youtube", "Facebook" зэрэг мэдээлэл хурдан дамждаг цахим сүлжээнд уран бүтээлээ алдахаас сэргийлж, тухайн студи, продакшн өөрийн албан ёсны хаягаа бүртгүүлж, гарсан зөрчлийг нь даруй репорт хийж мэдэгдэх, тухайн нийгмийн сүлжээг эзэмшигч компанитай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхийг Оюуны өмчийн газрын мэргэжилтнүүд зөвлөж байв. 


Оюуны өмч гэдэг нь аливаа уран бүтээлч, эрдэм шинжилгээний ажилтны хийсэн урлаг, утга зохиол, эрдэм шинжилгээний бүх төрлийн бүтээл байх бөгөөд, Монгол Улсын Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд, зохиогч нас барснаас хойш 50 жилийн турш, бүтээл нь зохиогчийн оюуны өмч байхыг заасан байдаг аж.



Хэлэлцүүлгийн үеэр, Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэтэй уулзаж, оюуны өмч, зохиогчийн эрхийн зөрчлийн талаар тодрууллаа.

-Зохиогчийн эрхийг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд ямар арга хэмжээ авдаг вэ?

-Оюуны өмчийг хууль бусаар авч, тараасан бол, Зөрчлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3,4,5 гэсэн заалтаар нийт долоон төрлийн шийтгэл оноох бөгөөд хувь хүнийг 500 мянга, хуулийн этгээдийг 5 сая төгрөгөөр торгож байна.

-Танай байгууллага он гарсаар зохиогчийн эрх зөрчсөн хэчнээн зөрчил бүртгэв?

-Өнгөрсөн онд 140 гаруй гомдлыг шалган шийдвэрлэжээ. Үүнээс 93 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцсон. Харин он гарсаар манай байгууллагад 40 гаруй зөрчлийн мэдээлэл ирснээс 32-ыг нь зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна. 

-Кино бүтээл ихэвчлэн хаанаас алдагдаж байна вэ?

-Кино бүтээлийг ихэвчлэн кино театр, телевизийн суваг зэргээс дүрс бичлэг хийх, бусад хууль бус аргаар авч, тараах зөрчил хамгийн их гарах боллоо. Цахим орчинд гарч буй зөрчлүүдийг ямар хүн, хэн, хаанаас тавьж байгааг олж, илрүүлэхэд хүндрэлтэй байна.

-Иргэд оюуны бүтээлээ хамгаалахаар, оюуны өмчийн газар хэр их бүртгүүлдэг вэ?

-Сүүлийн жил иргэд оюуны өмчийн талаар харьцангуй их мэдээлэлтэй болсон байна. Оюуны өмчийн эрх авахаар мэдүүлэг гаргасан иргэн, хуулийн этгээдийн тоо эрс нэмэгдсэн. Оюуны өмчийн газар дөрвөн мянга гаруй патент, 40 мянга орчим барааны тэмдэг бүртгэжээ.

-Зохиогчийн эрхийн ямар зөрчил хамгийн их ирдэг вэ?

-Барааны тэмдэгтэй холбоотой хэрэг хамгийн их ирдэг. Хоёрдугаарт, зохиогчийн эрхийн зөрчил маш их байна. 


Дашрамд дурдахад, Өнөөдрийн байдлаар, зохиогчийн эрхийг зөрчиж, 50 сая төгрөгөөс илүү хохирол учруулсан зургаан хэргийг ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байгаа юм байна. Харин он гарсаар энэ төрлийн нэг гэмт хэрэг бүртгэгджээ.

Гэрэл зургийг: Б.Чадраабал

Холбоотой мэдээ