Найруулагч Г.Доржсамбууг дурсах хүндэтгэлийн ёслол болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-03-15 12:34:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын театр, киноны нэрт найруулагч, жүжигчин, багш Гүрсэдийн Доржсамбуугийн 70 насны ойд зориулсан дурсамж, хүндэтгэлийн тоглолт энэ сарын 23-ны өдөр УДЭТ-т болно.

Энэ дурсамж хүндэтгэлийн ёслол "Тэнгэр мэднэ..." нэртэй аж. Тус ёслолын хүрээнд, 13 цагт гэрэл зургийн үзэсгэлэнг нээгээд шилдэг уран бүтээлчдэд Г.Доржсамбуугийн нэрэмжит "Арслан" цом, шагналыг гардуулна. 14 цагаас "Тэнгэр мэднэ..." гэх найруулагчийн уран бүтээлийн дээжээс үзэгчдэд толилуулах юм байна. 

Нэрт найруулагч Г.Доржсамбуу 1949 оны гуравдугаар сарын 22-нд Улаанбаатар хотод төржээ. 1966 онд театрт хөл тавьж, дагалдан жүжигчнээр ажиллаж байгаад цэргийн алба хаажээ. Цэргээс халагдсаныхаа дараа, 1971 оны дөрөвдүгээр сарын 19-нд УДЭТ-ын үндсэн жүжигчин болж, уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн байна. Тэрээр 1973 онд Д.Мягмарын “Нандин эрдэнэ” жүжгийн Жанцан, 1974 онд Армяны зохиолч А.Папаяны “Цаг өөр болжээ” жүжгийн Эдуард, 1975 онд төрийн шагналт зохиолч Ч.Чимидийн “Маш нууц” жүжгийн Жамьяндоод тогложээ.

Улмаар тухайн үеийн ЗХУ-ын Украин улсын Киев хотын Театрын дээд сургуульд суралцан төгсжээ. Г.Доржсамбуу агсан тухайн үеийн УБДС-ийн Кино драмын ангид багшлан олон арван авьяаслаг шавь нарыг бэлтгэн гаргасан сурган хүмүүжүүлэгч байв. Түүний дааж төгсгөсөн ангийнх нь шавь нараас Д.Цэрэнсамбуу, Ч.Ганхуяг, Н.Пүрэвдорж нарын урлагийн гавьяат зүтгэлтнүүд, С.Лхагвасүрэн, Ж.Алтанцэцэг нарын гавьяат жүжигчин төржээ.



Г.Доржсамбуу найруулагч 1980-1990  оны үед Монголын театрын урлагийн нэгэн гол багана нь байж, УДЭТ-ын ерөнхий найруулагчаар ажиллаж байв. Энэ үедээ "Найрын ширээний ууц", "Нора", "Нийгмийн санаа", "Туйлшрал", "Альбин", "Цусан тахилга", "Өрлөг жанжны өчил" зэрэг олон арван жүжиг, "Найрын ширээний ууц", "Монголын гурван өдөр" уран сайхны кино найруулсан юм. Мөн тэрээр “Говийн зэрэглээ”, “Гарын таван хуруу”, “Ирэх хаврын цэцэг” зэрэг уран сайхны кинонуудад бүтээсэн дүрээрээ дэлгэцнээ мөнхөрсөн юм.

Найруулагч Г.Доржсамбуугийн үр хүүхэд, анд найз нар "Арслан" дурсамжийн ном хэвлүүлсэн байна.

Холбоотой мэдээ