БХАТИХ-ын хаалтын хурлаар гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн төслийг хэлэлцэн батлав

ХИЛИЙН ЧАНАДААС
khandmaa@montsame.gov.mn
2019-03-17 16:42:30

Бээжин /МОНЦАМЭ/. Арван гуравдугаар удаагийн БХАТИХ-ын хоёрдугаар хурлын хаалтын хуралдаан өчигдөр болж өнгөрлөө. 

Уг хуралдаанаар Хятад улс Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэн батлав. Хуулийн төслийг БХАТИХ-ын 2948 гишүүнээс 2929 гишүүн дэмжсэнээр баталсан юм.

Энэхүү хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхлэх бөгөөд Хятад улсад ажиллаж буй гадаадын аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагч нарын хууль эрх зүйн баталгааг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх зорилготой юм.

Уг хуулинд, зохиогчийн эрх, техник технологийг хуулбарлах асуудлын хуулийн хариуцлагыг нэмэгдүүлж, Хятадын төрийн байгууллага болон холбогдох ажилтнууд гадаадын хөрөнгө оруулагчийн бизнесийн нууцлалыг зайлшгүй хангах зэрэг асуудал тусгагджээ. 

Техник, технологи хуулбарлах асуудлыг мөн энэ хуульд тусгаж өгсөн. АНУ-тай Худалдааны хэлэлцээр хийж буй энэ үед Хятад улс энэ төрлийн хууль баталж байгаа нь АНУ-ын талд найр тавьж буй хэрэг гэж ажиглагчид үзэж байна.  

Энэ хуулийн талаар Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян хэлэхдээ “Гадаадын хөрөнгө оруулалтын хууль бол хуулийн арга замаар гадаадын хөрөнгө оруулалтыг татах, гадаадын хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, нээлттэй, ил тод, үр дүнтэй байх зорилготой” хэмээн тайлбарлалаа.

А.Анхбаяр

 

  

 

Холбоотой мэдээ