Монголын Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баяр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-03-18 11:19:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн зууны эхэнд буюу 1921 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлж, улс орныхоо бүрэн эрх, тусгаар тогтнолыг баталгаажуулах анхны түүхэн ялалтыг тунхагласан түүхтэй. Энэхүү өдрийг БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор 1946 оноос эхлэн Монголын Ардын Армийн ойн баяр болгон албан ёсоор тэмдэглэж ирсэн.

1911 онд тусгаар тогтнолоо зарласан Богд хаант засгийн дэмжлэгээр харийн түрэмгийлэгч гамингийн хүчийг бут цохиж, 1921 онд Ардын хувьсгалын анхны ялалт байгуулж, Монгол ардын журамт цэрэг Зөвлөлтийн улаан армийн ангитай хамтран  Хиагтыг гамингаас чөлөөлөв. 

  Энэ үед Монгол ардын журамт цэрэг дөрвөн хороотой бөгөөд хороо бүр 100 цэргийн зохион байгуулалттай байв. Цэргийн жанжнаар Дамдины Сүхбаатар, хороодын даргаар Б.Пунцаг, Ц.Хасбаатар, Ч.Базарсад, О.Цэрэндорж нарыг томилжээ. Нийслэл хүрээнд цэргийн хүндэтгэлийн ёслол, цуглаан хийгээд маргааш нь буюу 3 дугаар сарын 19-нд Ардын журамт цэргийн сурган боловсруулах газар байгуулжээ. Энэ түүхэн өдрөөс эхлэн Монгол Улсын Зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарынхан баярын өдрөө болгон тэмдэглэх болов.

Энэ өдөр нь эх орноо батлан хамгаалах нэр хүндтэй, хариуцлагатай, ариун журамт үүргийг биелүүлж яваа цэргийн алба хаагчдын баяр төдийгүй монгол түмний бахархалт өдөр бөгөөд улс орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, ард түмнийхээ эрх чөлөөг хамгаалан тэмцсэн түүх, үе үеийн эх орончид, цэрэг дайчдынхаа гавьяат үйлсээр бахархах, хүүхэд залууст цэрэг, эх оронч хүмүүжлийг олгоход дэмжлэг үзүүлэх онцгой ач холбогдолтой.

Монгол улсын эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн хэлхээст түүх нь монгол цэргийн түүхтэй салшгүй холбоотой. Эртний Хүннү улс болоод Эзэн Чингисийн эрэлхэг баатрууд, Манжийн дарлалыг эсэргүүцсэн ард түмний тэмцэл, хөдөлгөөн, тусгаар тогтнолоо дэлхий дахинаа тунхаглан зарласан Ардын хувьсгал, газар нутгийнхаа халдашгүй дархан байдлыг хамгаалан дайтсан Халхын голын болон Чөлөөлөх дайны түүхэн ялалт, эх орныхоо энх цагийн бүтээн байгуулалт, даян дэлхийн энхийн үйлст оруулж байгаа хувь нэмэр нь Монгол улсын цэрэг, армийн түүхийн нэгээхэн хэсэг билээ.

Монгол улсын Зэвсэгт хүчин, цэрэг эрс маань өнгөрсөн зуунаас эдүгээг түүчээлэн улс орноо батлан хамгаалах нэн хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүргийг амжилттай гүйцэтгэж, эх орныхоо нэр хүндийг олон улсын тавцнаа дуурсган эх дэлхийн энх тайван, амар амгаланг тогтоох үйлсэд эр зориг, тэсвэр тэвчээр, мэргэжлийн ур чадвараа гайхуулан байна.

Монгол Улсын Их хурлаас 2015 онд баталсан "Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс" баримт бичигт "Монгол Улс мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчнийг бүрдүүлж бэхжүүлнэ" гэсэн бодлогыг тодорхойлсон нь Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх төрийн шинэ бодлого, түүнийг шинэчлэн бэхжүүлэх эдүгээ цагийн дунд хугацааны стратегийн зорилт болж байгаа юм.
Олон зууны баялаг түүх, орчин үеийн шинэ шинэ ололт амжилтаар түүхийн хуудсаа зузаатган, хөгжин бэхжиж байгаа Монгол улсын Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний яруу алдар өнө мөнхөд мандан бадрах болтугай! гэж Монгол Улсын Их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд энэ өдрийн мэндийг дэвшүүлсэн байна.

Холбоотой мэдээ