“Крымын гүүр” уран сайхны кино Монголын үзэгчдэд хүрэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2019-03-20 14:30:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Крым болон Севастополь хотыг ОХУ-тай нэгдсэний 5 жилийн ойд зориулсан, найруулагч Тигран Кеосаяны “Крымын гүүр” уран сайхны киноны нээлт Улаанбаатар хот дахь Оросын Шинжлэх ухаан соёлын төвд  даваа гарагт боллоо.

Нээлтийн ажиллагаанд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К Азизов, Элчин зөвлөх Рыгзын Ракшаев, Цэргийн атташе Геннадий Сулимук, худалдааны төлөөлөгч Максим Васильев, Монгол Улс дахь ОХУ-ын ЭСЯ-ны зөвлөх  Евгений Лиштованный, ОХУ-ын ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Татьяна Будаева болон Монголд амьдарч буй орос иргэд оролцов.

Түүнчлэн Монголын талаас Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн дарга, Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн орлогч дарга Д.Цогзолмаа, БСШУСЯ-ны төлөөлөл, Монголын цэргийн болон дээд сургуулийн оюутнууд, ОШУСТ-ийн дэргэд орос хэл сурч байгаа нийслэлийн болон хөдөө орон нутгийн сурагчид хүрэлцэн ирсэн байв.


Кино эхлэхийн өмнө  Оросын Элчин сайд И.Азизов мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр, Крымын Автономит улс нь 1921 онд байгуулагдан 1946 онд Крым муж болоод харилцан гэрээний үндсэн дээр Украины мэдэлд орсныг санууллаа. ЗХУ бутарснаас хойш 1992 онд Крым нь Үндсэн хууль баталж Украины бүрэлдэхүүнд гэрээний үндсэн дээр орсон боловч 2014 оны хоёрдугаар сараас Украинд улс төрийн байдал хурцдаж засгийн эрх солигдсоны улмаас оршин суугчид нь ОХУ-ын бүрэлдэхүүнд орох санал асуулга явуулж чухал түүхэн шийдвэр гаргасан юм. 2014 оноос хойг дээр эдийн засгийн бүх салбар хөгжиж, олон зүйл сайн талруу өөрчлөгдсөний нэг жишээ Крымын гүүр юм” хэмээн онцлов. Хойгийн хүн амын 96 хувь нь Орос улстай нэгдэх саналаа өгсөн юм.

Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа Крымд явуулсан санал асуулгад гадаадын ажиглагчаар оролцож явсан сэтгэгдлээ хуваалцаж, Крым Севастополь хоёр Оросын Холбооны Улсад нэгдсэн Крымын хойгийн ард түмний хүсэл эрмэлзэл байсныг бататгаж, Орос улсыг буруутгаж байгаа эсэргүүцэл нь түүхийг гажуудуулах оролдлого юм гэдгийг хэллээ.

Эл бүтээлд Татар залуу, Орос бүсгүйн хайр сэтгэлийн түүхийг харуулжээ.

Холбоотой мэдээ