Их Британийн бизнес эрхлэгч “Челси” клубыг худалдан авч магадгүй

Дэлхийд | Спорт
Jargal.d@montsame.mn
2019-03-20 14:04:06

ЛОНДОН. /TASS/. Их Британийн бизнес эрхлэгч Жим Рэтклифф Английн хөл бөмбөгийн "Челси" клубыг Роман Абрамовичаас худалдан авахаар төлөвлөж байгаа тухай “The Mirror” хэвлэлд мэдээлжээ.


Гэрээ 2.5 тэрбум фунт стерлингээр /2.92 тэрбум евро/ үнэлэгдэж байгаа аж. Абрамович “Челси” клубыг 2002 онд 140 сая фунт стерлингээр /163 сая евро/ худалдан авч байжээ. Рэтклифф "Челси" клубын эзэнтэй цэнгэлдэх хүрээлэнд уулзахдаа клубын ирээдүйн талаар ярилцаж, саналаа хэлсэн гэж мэдээлж байна.


Абрамовичийн хөрөнгө оруулалтын визийг сунгахаас татгалзсаны дараа "Челси" клубыг худалдах санал тавьсан гэж “The Times” сонинд урьд нь мэдээлжээ. Ийм визгүйгээр Оросын бизнес эрхлэгч Их Британид ажиллах боломжгүй юм. Тэрбээр нийслэл хотын клубын эзэн болсон цагаасаа хойш амьдралынхаа ихэнх хугацааг  тус улсад өнгөрүүлжээ. Ийм виз эзэмшигч Их Британийн эдийн засагт 2 сая фунт стерлингийн /2.34 сая евро/ хөрөнгө оруулах ёстой аж.


Абрамовичийн үед "Челси" клуб Английн аварга шалгаруулах тэмцээнд таван удаа аваргалж, Английн Супер цомыг хоёр удаа хүртсэн билээ. Мөн 2012 онд түүхэндээ анх удаа Аваргуудын лигт түрүүлжээ. Бас таван удаа Английн цомын эзэн болж, Английн хөл бөмбөгийн лигийн цомыг гурван удаа хүртсэн байна.


Рэтклифф 21 тэрбум фунт стерлингээр /24.5 тэрбум евро/ үнэлэгдэх хөрөнгөтэй байна. Тэрбээр “Forbes” сэтгүүлийн дэлхийн хамгийн баян эрхмүүдийн жагсаалтад 110 дугаарт оржээ.

Холбоотой мэдээ