Н.Назарбаевын том охин Сенатын танхимын даргаар сонгогджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-21 11:21:53

АСТАНА. /РИА Новости/. Казахстаны парламентын Сенатын танхимын депутатууд тус улсын анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын том охин Дарига Назарбаеваг даргаараа сонгожээ.  


Өмнөх Сенатын дарга Касым-Жомарт Токаев өнгөрсөн лхагва гарагт Ерөнхийлөгчийн албан тушаалаа авсантай холбоотойгоор Сенатын шинэ даргыг сонгосон байна.


Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа бууж, халаагаа Касым-Жомарт Токаевт өгч байгаагаа Н.Назарбаев өнгөрсөн мягмар гарагт мэдэгдсэн юм. Ерөнхийлөгчийн сонгууль тус улсад 2020 онд болно.


Өдгөө 55 настай Дарига Назарбаева нь 2016 оны 9 дүгээр сараас Казахстаны парламентын дээд буюу Сенатын танхимын депутат болж, Олон улсын харилцаа, батлан хамгаалах болон аюулгүй байдлын асуудал эрхэлсэн хорооны даргаар ажиллаж байжээ.


Мөн Казахстаны парламентын депутатууд өнгөрсөн лхагва гарагт нийслэл Астана хотын нэрийг өөрчлөх тухай Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг хоёр удаагийн хэлэлцүүлгээр баталсан байна.


Нийслэл Астана хотын нэрийг Нурсултан болгож өөрчлөх тухай саналыг өмнө нь Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев дэвшүүлсэн билээ. 

Холбоотой мэдээ