Татварын өрөө төлөх чадваргүй хуулийн этгээдийг хилээр гарахыг хориглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-03-21 14:10:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Татвар төлөгч болон татварын албаны хооронд үүсдэг маргааныг хянан шийдвэрлэх, одоо үйлчилж байгаа хуулийн хоёрдмол утга санаатай зохицуулалтыг ойлгомжтой болгох,  олон улсын татварын шинэлэг зарчмуудыг өөрийн орны нөхцөлд нийцүүлэн нэвтрүүлэх, татварын бааз суурийг өргөжүүлэх  зорилгоор уг хуулийн төслийг боловсруулжээ. Одоо үйлчилж байгаа хуулиар аж ахуйн нэгжүүд татварын өр төлөх хугацааг хоёр сараар тогтоосон байна. Харин шинэчилсэн найруулгын төсөлд тухайн байгууллагын санхүүгийн асуудалд тулгамдсан асуудалтай уялдуулан 2 жил хүртэлх хугацаанд татварын өр төлөх хугацааг сунгахаар тусгажээ. Мөн жилийн борлуулалтын орлого 1.5 тэрбум төгрөгөөс доош аж ахуйн нэгжийн төлсөн татварын 90 хувийг хөнгөлөхөөр хуулийн төсөлд тусгасан байна.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр О.Баасанхүү гишүүн татварын өртэй иргэн, аж ахуйн нэгжийн удирдлагыг гадаадад зорчих эрхийг хязгаарлах заалт орсон эсэхийг тодрууллаа.

Улсад 20 сая төгрөгөөс дээш татварын өртэй, түүнийгээ төлөх чадваргүй этгээдийг хилээр гарахыг хориглохоор тусгасан гэдгийг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багийн гишүүд дурдав.

Мөн үеэр Ж.Ганбаатар гишүүн хуулийн төсөлд жижиг, дунд, үйлдвэрийг дэмжих чиглэлээр ямар заалт тусгасныг тодруулав.

Ажлын багийн ахлагч Б.Баттөмөр гишүүн, “Засгийн газраас бичил буюу жилд 50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж 1 хувийн татвар төлөх санал ирүүлсэн. Мөн Ж.Ганбаатар гишүүн 50-300 сая төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж 1 хувийн татвар төлөх заалт оруулах санал ирүүлснийг Төсвийн байнгын хороо дэмжсэн. Түүнчлэн 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүд 10 хувийн татвар төлөөд 9 хувийг нь буцаан авдаг байх юм” гэлээ.

Татварын багц хуультай холбоотойгоор Гаалийн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг Ц.Гарамжав гишүүн асуув. Сангийн яамнаас Гаалийн болон Гаалийн тарифын хуулийг боловсруулж байгаа гэдгийг ажлын багийн ахлагч Б.Баттөмөр гишүүн хэллээ.

Ийнхүү үдийн цайны цаг болсон тул чуулганы хуралдаан түр завсарлалаа. Хуралдаан 15.00 цагт үргэлжилж хуулийн төслийн ажлын баг болон Төсвийн байнгын хорооноос ирүүлсэн 140 гаруй зарчмын зөрүүтэй саналаар санал хураах юм.

Холбоотой мэдээ