Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-03-21 16:02:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг батлав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь Хөгжлийн бодлого, Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан хоёр орлогчтой байна. Мөн Хот байгуулалт, Инноваци, технологи, Агаар, орчны бохирдол, Зам, тээвэр хариуцсан төсөл, хөтөлбөрийн удирдагчдыг Засаг даргын орлогчтой дүйцэх түвшинд ажиллуулах юм. Харьяа 33 агентлагийн хоёрыг нэгтгэн, хоёрыг нэмж 34 агентлагтай байхаар тогтлоо.

Хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар болон Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрыг шинээр байгуулна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 129 хүртэл, Захирагчийн ажлын алба 55 хүртэл, БЗД, СХД тус бүр 68 хүртэл, БГД, СБД, ХУД, Чингэлтэй дүүрэгт тус бүр 59 хүртэл, Багануур, Налайх дүүрэгт тус бүр 39 хүртэл /Захирагчийн ажлын албатай/, Багахангай дүүрэг 25 /нормативаар ажиллах орон тоо орохгүй/ хүртэл орон тоотой байхаар тогтоов.

Холбоотой мэдээ