Тусгай хөшгийг хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-03-21 21:53:27

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн Цэцэн-Уул сум дахь Цагдаагийн хэсгээс сумынхаа тусгай зөвшөөрөлтэй дэлгүүрүүдэд согтууруулах ундаа худалдахыг хориглосон өдрүүдэд лангуугаа хаадаг тусгай хөшиг хийж өгчээ.

Тодруулбал тус сумын цагдаагийн хэсэг ГХУСАЗСЗөвлөл хамтран согтууруулах ундаа худалдан борлуулдаг 10 гаруй аж ахуйн нэгжийн эзэд худалдагч нарт сургалт хийж, “Сар бүрийн 5, 15, 25-ны өдөр болон долоо хоног бүрийн пүрэв гарагт архи согтууруулах ундаа худалдахгүй” байхыг сануулсан тусгай хөшгийг гардуулжээ.

Сар бүрийн тодорхой өдрүүдэд архи согтууруулах ундааг худалдан борлуулахгүй байх журмыг мөрдөн ажиллах үүрэгтэй худалдааны газрууд, дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүнээ цаас, даавуу гэхчлэн зүйлүүдээр халхавчлаад өнгөрөөдөг байна. Мөн иргэд тухайн өдрийн журмыг мөрдөхөөс татгалзаж дэлгүүр, үйлчилгээний газруудын худалдагч нарт хүндрэл учруулдаг ажээ. 

Тэгвэл дээрх тусгай хөшгийг ашигласнаар худалдагч, үйлчлүүлэгч нарын хоорондын харилцаанд хүндрэл учрахгүй. Архидан согтуурахаас урьдчилан сэргийлэхэд ихээхэн ахиц гаргасан үр дүнтэй ажил болох юм. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй хамтран ажилласан үйлчилгээний газрын эздэд баярласнаа илэрхийлье хэмээн Цэцэн-Уул сум дахь Цагдаагийн хэсгээс мэдээлэв. Дашрамд энэ ажил нь архидан согтуурахаас урьдчилан сэргийлэхэд ихээхэн ахиц гаргасан үр дүнтэй ажил учраас Завхан аймагт шат дараалан хэрэгжүүлж байгаа аж. 

Холбоотой мэдээ