Төрийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авахад чанарыг голчилно

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-03-22 17:31:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав.


Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль анх 2005 онд баталсан бөгөөд өнгөрсөн жилүүдэд 20 гаруй удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.Тиймээс Засгийн газар болон УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нараас худалдан авах ажиллагааны зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан бөгөөд хоёр төслийг нэгтгэн хэлэлцэж буй юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөл нь цахим худалдан авах ажиллагааны иж бүрэн зохицуулалтыг бий болгох, ногоон худалдан авалт, худалдан авах ажиллагааны шуурхай, ил тод байдлыг хангах, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зэрэг шинэлэг дэвшилттэй арга замыг санал болгожээ. Харин УИХ-ын гишүүдийн санаачилсан төсөлд үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, худалдан авах ажиллагаанд чанарын үзүүлэлтийг голчлох өөрчлөлтийг тусгасан байна.


Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, Ж.Мөнхбат гишүүн төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компани тендерт оролцуулахыг хориглох заалт тусгасан хуулийн төслийг ойрын хугацаанд өргөн барихаар төлөвлөж байгаагаа дурдлаа. Тэрбээр, тендертэй холбоотой маргааныг шүүхээр шийдвэрлэх зохицуулалтыг хэрхэн тусгасныг тодруулав.


Тендерийн маргааны улмаас бүтээн байгуулалт саатах тохиолдол олон гардаг байна. Тиймээс тендер зарлах, шалгаруулах үйл ажиллагааг нээлттэй болгох заалт тусгасан гэдгийг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багийн ахлагч Д.Оюунхорол гишүүн дурдлаа. Аж ахуйн нэгжүүд тухайн тендерт оролцож буй компаниудын танилцуулга, тендерт ирүүлсэн материалыг нь хянах боломж бүрдэнэ гэдгийг онцлов.


Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 86 хувь нь дэмжиж, батлав.

Холбоотой мэдээ