Д.Сумьяабазар: Улсын төсвийн хөрөнгөөр хийх геологийн судалгааг нэмэгдүүнэ

Монголын мэдээ | Уул уурхай
192@montsame.mn
2019-03-28 13:11:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын геологи, хайгуул-2019” чуулга уулзалт өнөөдөр “Монполимет” ХХК-ийн цогцолбор байр "Формоса” төвд эхэллээ.

Чуулга уулзалтыг УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар нээв. Тэрээр улсын төсвийн хөрөнгөөр энэ онд хийх геологийн судалгаанд нийт 24.6 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэснийг дуулгав. Дээрх хөрөнгийг өмнөх оныхтой харьцуулахад даруй 11.3 тэрбум төгрөгөөр өсжээ. “Энэ нь бидний зүгээс геологийн салбарыг түрүүлүүлэн хөгжүүлэх бодлого барьж буйн нэг илрэл” гэдгийг тэрээр онцлоод, “Улсын төсвийн хөрөнгөөр хийх геологийн судалгааг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах, төсвийг тогтмол нэмэгдүүлэх нэг зорилт энэ юм” гэв.

Энэ онд улсын хэмжээнд уул уурхайн салбарт төсвийн хөрөнгөөр 39 төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, шинээр 17 төсөл, нийт 56 төсөл хэрэгжүүлнэ гэж тэрээр мэдээллээ.

Тодруулбал, 1:50 000 масштаб бүхий геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлын 37, Монгол орны нутаг дэвсгэрт болон бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлж буй сэдэвчилсэн судалгааны 14, улсын геологийн зураг зохиох дөрвөн төсөл, гадаад хамтын ажиллагааны нэг төсөл тус тус хэрэгжүүлэх аж. Нийт төслийг санхүүжүүлэхээр 2018 онд 13.3 тэрбум төгрөг баталснаас 13.35 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгээд байна. Энэ онд улсын төсвийн хөрөнгөөр 24.6 тэрбум төгрөгийн геологи хайгуулын ажил хийх юм байна. 



Цаашлаад салбарын сайд хэлэхдээ, “Жилийн өмнө энэ чуулга уулзалтын индрээс та бүхэнд чулуулгийн үнэмлэхүй хугацааг эх орондоо тодорхойлдог болно гэж амлаж байсан ажлаа бид хийж, энэ гуравдугаар сарын 26-нд Геологийн төв лабораторид “Чулуулгийн үнэмлэхүй насны лаборатори”-ийн үндсэн тоног төхөөөмжийн иж бүрдлийг хүлээлгэн өгсөн”-өө мэдэгдэв.

Чуулга уулзалтаар Засгийн газраас эрдэс баялгийн салбарт баримталж буй төрийн бодлого, хууль эрхзүйн орчин, хөрөнгө оруулалт, региональ судалгаа, ашигт малтмалын ордын эрэл хайгуулын аргачлал, техник технологи, геологи уул уурхайн төслүүдийг танилцуулж байна. Тухайлбал АМГТГ-ын дарга Н.Мөнхбилэг “Региональ (бүс нутгийн) геологийн судалгаа ба геомэдээллийн сангийн бүрдүүлэлт” сэдвээр, БОАЖЯ-ны газрын дарга Б.Саран “Уул уурхайн салбар дахь байгаль орчны хамгаалал, 2018 онд хийсэн ажил, цаашид авах арга хэмжээ” гэсэн илтгэлийг өнөөдөр тавив. Цаашлаад салбарын мэргэжилтнүүд Ухаахудагийн ордын нүүрсний давхарга олон бүтээгдэхүүний петрографийн судалгааны урьдчилсан дүнг танилцуулж, чулуулгийн геотехникийн туршилт, хайгуулын өрөмдлөгийн технологи, менежмент, “Улаанбаатар хот орчмын гүний тогтцын судалгаа”-ны талаар илтгэл тавьж хэлэлцүүлэх гэж байна.  



Чуулганы нээлт дээр төрийн соёрхол хүртсэн геологичдод УУХҮЯ-наас хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар, “Монгол орныхоо эрдэнэсийн санг нээж өгсөн үе үеийн эрхэм хүндэт геологичдоороо бид бахархаж, тэднийгээ хүндэтгэн “Монголын геологи ба ашигт малтмал” гэсэн найман боть бүтээл” гарган салбарын эрдэмтэддээ төрийн соёрхол хэмээх эрхэм дээд шагналаа Үндэсний геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ойн босгон дээр хайрлаж байгаа нь түүхийн хуудаснаа тодоор бичигдэн үлдэх сайхан үйл явдал болсон”-ыг онцолсон юм.

Чуулга уулзалтын хүрээнд, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид төслөө танилцуулж, хөрөнгө оруулалт татах зорилгоор хөрөнгө оруулагчдын бизнес уулзалтыг зохион байгуулна. Мөн геологи, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийн үзэсгэлэн, “Монгол орны байгаль-хайгуулчдын дуранд” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг нийтэд толилуулж, “Ховор агшин”, “Байгалийн тогтоц”, “Ур чадвар” төрлөөр шилдгүүдийг нь шалгаруулах юм. Түүнчлэн “Хэрэглээний структур геологийг ашигт малтмалын ордын хайгуулд ашиглах нь”, “Гео өгөгдлийн боловсруулалт, ордын загварчлал, нөөцийн тооцоо” сэдвээр МУИС, ШУТИС дээр  мэргэшсэн зөвлөх инженерүүд сургалт явуулж байна.





УУХҮЯ, АМГТГ, МХЕГ, ШУТИС, Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбоо хамтран зохион байгуулж буй “Монголын геологи, хайгуул-2019” чуулга уулзалт хоёр өдөр үргэлжилж, чуулганы хаалтын өдөр төлөөлөгч, оролцогчид “Эх дэлхийгээ хайрлая” уриан дор Баянзүрх уул руу явганаар аялж, нийслэл Улаанбаатар хот орчимын газар болон Баянзүрх  уулын геологийн тогтцын судалгааны үр дүн болон танин мэдэхүйн бусад сэдвээр яриа өрнүүлэх юм. 11 дэх удаагийн “Монголын геологи, хайгуул-2019” чуулга уулзалтад геологич, инженер, мэргэжлийн мянга гаруй зочид, төлөөлөгч, гадаад, дотоодын 100 гаруй хөрөнгө оруулагч оролцож байна.

 

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ