"Аравт" морин цэргийн уралдааны төлөвлөх баг хуралдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-28 20:47:34
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад наймдугаар сард зохион байгуулах "Аравт" морин цэргийн уралдааны төлөвлөлтийн баг Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн танхимд өнөөдөр хуралдав.


Тавдахь жилдээ зохиож буй “Олон улсын цэргийн наадам-2019”-ын хүрээнд 32 уралдаан болох бөгөөд энэ жил Монгол Улс зохион байгуулагчаар оролцох аж. Тус наадмын нэг хэсэг болох морин цэргийн уралдааныг "Аравт" нэртэйгээр анх удаа зохион байгуулах юм байна. Жилээс жилд нэр хүнд, хамрах хүрээ нь өргөжиж буй тус наадамд одоогийн байдлаар, 13 улсын 104 баг өрсөлдөхөө мэдүүлснийг Төлөвлөх багийнхан онцлов.  


Өмнөх наадмуудад манай цэргийн алба хаагчид “Танкийн биатлон”, “Мэргэн буудагчийн зааг”, “Цэргийн хээрийн гал тогоо” уралдаанд амжилттай оролцож, амжилтаа ахиулсаар ирсэн юм.



Төлөвлөх баг "Аравт" уралдааны бэлтгэл ажлын явц, авч хэрэгжүүлсэн ажлын үр дүн, цаашид хэрэгжүүлэх зорилгынхоо талаар мэдээлэл солилцож, уралдаан зохион байгуулах газартай танилцахаар болов. Төлөвлөх багийн хуралд Монгол, ОХУ, Казахстан болон БНХАУ, АНУ, БНТУ, БНСУ, Япон зэрэг найман улсын зочид, төлөөлөгчид оролцож байна.


Манай улс энэхүү уралдааныг зохион байгуулснаар цэргийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монголын түүх, нүүдэлчин ахуй, морь хэрэглэх соёл, уламжлалыг олон улсад сурталчлах ач холбогдолтой.


Өнгөрсөн оны сүүлчээр ОХУ-ын нийслэл Москва хотод олон улсын цэргийн наадмын анхан шатны төлөвлөлтийн хурал болж олон орны зочид төлөөлөгчид оролцсон. Энэ хурлын бодлого, шийдвэр, хэлэлцэж тохиролцсон ёсоор “Аравт” олон улсын морин цэргийн анхдугаар уралдааныг манай улсад зохион байгуулахаар болсон юм.

ОХУ-ын газар нутагт 16 уралдаан болох бөгөөд хамтран зохион байгуулагч Монгол, Азербайжан, Армен, Беларусь, БНХАУ, Иран, Казахстан, Узбекистан, Энэтхэг улсын газар нутагт  бусад уралдаан явагдана.


Монгол Улсын Зэвсэгт хүчнээс “Цэргийн наадам-2019”-д “Аравт” морин цэргийн уралдаанаас гадна ОХУ-д зохион байгуулах “Танкийн биатлон”, “Хээрийн гал тогоо”, “Инженерийн томьёолол”, Бүгд Найрамдах Беларусь Улсад зохион байгуулах “Мэргэн буудагчийн зааг”, БНХАУ-д зохион байгуулах “Цэлмэг тэнгэр” уралдаанд баг бэлтгэн оролцуулахаар төлөвлөж бэлтгэлээ хангаж байна.

Холбоотой мэдээ