ХИС-ийн багш, оюутны урлагийн анхдугаар наадамд 15 баг оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Баруун бүсийн ууган их сургууль болох төрийн өмчийн магадлан итгэмжлэгдсэн Ховд их сургууль
/ХИС/ үүсэн байгуулагдсаны түүхт 40 жилийн ой энэ оны есдүгээр сард болно. Ойг угтан “Багш, оюутны урлагийн анхдугаар наадам”-ыг энэ сарын 29-ний өдөр зохион байгууллаа.
Урлагийн наадам тус сургуулийн хөгжмийн багш нар, үндэсний язгуур урлагийн ангийн оюутнуудын урлагийн тоглолтоор эхэллээ.
Энэхүү урлагийн наадамд ХИС-ийн монгол хэл, уран зохиол, газар зүй, геологи, биеийн тамир спорт, математик мэдээлэл зүй, гадаад хэл соёлын зэрэг 13 тэнхим тус бүрээс нэг баг, мөн ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн баг, захиргаа аж ахуйн ажилтнуудын гэсэн 15 баг оролцож байна.
Оролцогчид багийн мэндчилгээ, дуэт болон хамтлаг дуу, гоцлол дуу, хамтлаг бүжиг, хөгжмийн үзүүлбэр, багийн тусгай үзүүлбэр гэсэн 6 төрлөөр авьяас, ур чадвараа сорин өрсөлдлөө.
Урлагийн наадмын шүүгчээр соёл урлагийн салбарын мэргэжлийн 5 шүүгч ажиллаж байгаа бөгөөд оролцогчдын үзүүлбэрийн бэлтгэл хангасан байдал, багийн зохион байгуулалт, мэндчилгээ, гүйцэтгэл зэргийг харгалзан оноогоор дүгнэж, шилдэг багуудыг тодруулна. Ингэснээр шилдэг оролцогчид ирэх 9 сард болох сургуулийн 40 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтод оролцох эрхтэй болох юм.