ЭХЭМҮТ-д нэг сая юанийн тоног төхөөрөмж гардуулав

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-04-04 15:47:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Сон Чин Лин сангийн ерөнхийлөгч Ван Жяруй тэргүүтэй төлөөлөгчид эрчимт эмчилгээнд ашигладаг, нэг сая юанийн өртөгтэй, 20 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмж хандивлах батламжийг ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөрд өнөөдөр гардууллаа.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ,2017 онд  “Монгол Улсын ЭМЯ болон БНХАУ-ын Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн үндэсний хороо хоорондын 2017-2021 онд хамтран ажиллах төлөвлөгөөг байгуулан халдварт өвчний хяналт, эрүүл мэндийн мэдээллийн тогтолцоо, телемедицин, цахим эрүүл мэнд, эрүүл мэндийн инноваци, технологи, уламжлалт анагаах ухаан, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн яаралтай үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээ, цусны аюулгүй байдал, эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хамтран ажиллаж байна.  Мөн эмчилгээний баг харилцан солилцох, хөрөнгө оруулалт, эмч мэргэжилтний сургалт, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, буцалтгүй тусламжийн хүрээнд  Монгол Улсад эмчлэх боломжгүй зүрхний төрөлхийн хүнд гажигтай нэг хүртэлх насны нярай болон амьдралын түвшин доогуур эмзэг бүлгийн бага насны 100 хүүхдийг БНХАУ-ын Бээжин, Хөх хотын Хүүхдийн зүрхний мэс заслын томоохон эмнэлэгт үнэ төлбөргүй мэс засалд хамруулж байна. Хоёрдугаар ээлжийн 19 хүүхэд 2018 оны 11 дүгээр сард Хөх хотын эмнэлгүүдэд эмчлүүлсэн зэргээр үр дүнтэй хамтран ажиллаж байна. Ийнхүү Монгол Улсын эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээг хурдан шуурхай үзүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж буй БНХАУ-ын Засгийн газар,  тэр тундаа Сон Чинлин сангийн ерөнхийлөгч Ван Жяруй танд Монгол Улсын Засгийн газар, ард иргэд, тэр тусмаа Монголын эрүүл мэндийн салбарын нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон хувиасаа талархал илэрхийлье. Манай хоёр улсын хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Батламж гардуулах ёслолд БНХАУ-ын Сон Чинлин сангийн дэд Ерөнхийлөгч Ю Чан,  БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин, БНХАУ-ын Тун Рен эмнэлгийн захирал Вэй Вэнбин,  Монгол ардын намын НБГ-ын дарга Б.Баярбаатар, ГХХ-ийн дарга Х.Сайхансанаа, ЭМЯ, ЭХЭМҮТ-ийн эмч эмнэлгийн ажилчид оролцов.


Холбоотой мэдээ