“Онон-Улз” төслийг хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-04-08 14:06:00

Дорнод /МОНЦАМЭ/Энэ зунаас эхлэн Дорнод аймагт “Онон- Улз” төслийг хэрэгжүүлэх гэж байна. Энэхүү төсөл Монгол Улсад анх удаа хэрэгжих гэж байгаагаа онцлог. Тодруулбал, Онон голоос суваг татаж, Улзын голтой холбох юм. Улз голын урсацыг нэмэгдүүлэх дээрх төслийн ажилд 2.5 тэрбум төгрөг улсын төсвөөс зарцуулах бөгөөд энэ онд 1.1 тэрбум төгрөгийн ажил хийх бол 2020 онд үлдсэн 1.4 тэрбум төгрөгийн ажлыг гүйцэтгэхээр төлөвлөжээ. 

Улз гол нь Хэнтий аймгийн Норовлин сумын нутагт орших Их, Бага бүрд хэмээх булгаас эх авч, улсын хил дагуу Хэнтийн Норовлин, Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Чулуунхороот сумын нутгаар дайран урсдаг. Эхнээсээ адаг хүртэл 510 км үргэлжилдгээс 90 гаруй хувь нь манай нутагт хамаардаг. Ийнхүү урт холын замд нь Улзын голд Дөч, Түргэн, Бэрх, Хуурай хөндий, Ар булаг, Хархираа, Ажнай зэрэг олон гол цутгаж урсгалыг нь сэлбэдэг байжээ. Харин эдгээр нарийн голууд ширгэж үгүй болсноор сүүлийн жилүүдэд Улз гол зарим хэсгээрээ тасарч ширгэхэд хүрээд байна. Тиймээс урсацыг нэмэгдүүлэхийн тулд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр энэхүү төслийг санаачилжээ.

Эхний ээлжинд ТЭЗҮ-ийг нарийвчлан тооцоолсноор ажлыг эхлүүлэх юм. Хоёр аймгийн таван сумын нутгийг дайран өнгөрдөг Улзын сав нутагт 15 мянган иргэн аж төрдөг гэсэн судалгаа бий. Энэ хэрээр олон малчин, тариаланч ард иргэдийн амьдрал ахуйтай салшгүй холбоотой Улз голын урсацыг нэмэгдүүлэх ажлыг цаг алдалгүй эхлүүлэх нь зүйтэй гэж нутгийн иргэд үзэж байгаа юм. Түүнчлэн Улз голын сав нутагт аж төрдөг сумдын залуус өөрсдийн санаачилгаар энэхүү ажилд хүчин зүтгэж хувь нэмрээ оруулахад бэлэн гэдгээ илэрхийлж байна. 

Холбоотой мэдээ