Өнжмөл шар өвсийг шатаахгүй байхыг анхаарууллаа

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-04-16 15:38:08

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг хуурайшилтын зэргээрээ нэн аюултай түвшинд байгаа. Иймээс хаврын хуурайшилттай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байгаа аж.  

Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, ногоо шатаасны улмаас өөрийн болон бусдын эд хөрөнгөд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс галд өртөх эрсдэлийг дагуулж байгаа ажээ. Иймээс энэхүү хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байхыг зөвлөлөө. Мөн хаврын хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Мөн иргэд гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол суманд тус бүр нэг түймэр идэвхтэй асч байгаа аж. Түймрийг унтраахаар аймгийн ОБГ-ын алба хаагчид, Хилийн цэрэг, Цагдаагийн байгууллага болон орон нутгийн иргэд, машин, техник хэрэгслийн хүчээр ажиллаж байна.  

Холбоотой мэдээ