ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг 15 хоног цагдан хорихоор шийдвэрлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-25 20:11:38
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэрээр, Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцыг өнөөдрөөс 15 хоног цагдан хорихоор  болжээ.


ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас хойшлуулшгүй арга хэмжээ авч Б.Хурцыг энэ сарын 23-ны шөнө саатуулсан тухай бид өмнө мэдээлсэн. Тодруулбал,  түүнийг ТЕГ-ын даргаар ажиллаж байхдаа гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн гэх Эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.


АТГ-аас хуучин 2002 оны Эрүүгийн хуулийн 133.1-т зааснаар, гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн гэх хэргээр Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Энэ хэргийг прокурорын байгууллагаас харьяалал тогтоож ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд өнгөрсөн баасан гарагт шилжүүлсэн байна.


Хуулиараа, түр саатуулах 48 цагийн хугацаа өнөөдөр дуусгавар болох бөгөөд "Цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн хорих саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн, үргэлжлүүлэн хорих эсэхийг прокурор, шүүхийн байгууллага шийднэ" гэж ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү өчигдөр мэдээлсэн юм.


Холбоотой мэдээ