Г.Занданшатар: Цэргийн дарга, жанжнууд нь эгэл түмнээсээ тодордог

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-26 16:12:18
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 75 жилийн ой, "Монгол генералуудын өдөр" тохиож байна. Энэ хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар монгол генералуудын төлөөллийг хүндэтгэн хүлээн авч уулзан, баярын мэндчилгээ дэвшүүллээ.


Энэ үеэр түүний хэлсэн үгийг толилуулъя.  


УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР:


"Монгол Улсын эрхэм генералууд аа!

Хүндэт зочид оо!

Жил жилийн хавар "Монгол генералын өдөр"-ийг нийтээрээ ёслол төгөлдөр тэмдэглэдэг болсоор нэлээд хэдэн жил боллоо. Энэ өдрийн гол утга агуулга нь эх орныхоо тусгаар тогтнол, халдашгүй бүрэн эрх, аюулгүй байдлын төлөө тангараг өргөн зүтгэсэн эх орны жинхэнэ цэргүүдээрээ бахархах, хүндлэн дээдлэх, тэдний дайчин уламжлалыг үр хойчдоо өвлүүлэх, Монгол бахархлыг сэрээн өдөөхөд чиглэдэг билээ.

1944 оны 04 дүгээр сарын 28-нд БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 52-р тогтоолоор төр, цэргийн зүтгэлтэн 11 хүнд генерал хэмээх дээд цолыг анх удаа олгосон түүхтэй юм байна. Тэгэхээр өнөө жил Монгол Улсад цэргийн дээд цол-генерал цол бий болсны 75 жилийн ой тохиож байна гэсэн үг.

Түүхэн ойг тохиолдуулан энд хүрэлцэн ирсэн Хүндэт генералууд, Та бүхний гэр бүл, үр хүүхдэд Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын нэрийн өмнөөс болон хувиасаа баярын мэнд дэвшүүлж, сайн сайхныг ерөөе.



Монголчуудын цэргээ засах эрдэм ухаан дэлхийд зартай. Түүнчлэн төр улсынхаа ариун голомтыг сахин хамгаалагч цэргийн хүнийг, эрэлхэг шударга эх орончдоо хүндлэн дээдэлдэг нь Монгол төр, монгол түмний эрт цагаас уламжилсан дэг ёс билээ. Эзэн Богд Чингисийн суут жанжин Мухулай, Зэв, Сүбээдэйгээс эхлээд Манлай ван Дамдинсүрэн, ардын Хатанбаатар Магсаржав, жанжин Д.Сүхбаатар, залуу жанжин Ж.Лхагвасүрэн, “алаг морьт” Дандар баатар гэх мэт эх орончдын гавьяат үйлс, домогт амьдрал Монголын бахархал юм.

Өнөөдөр энд хүрэлцэн ирсэн, 101 насныхаа ойг тэмдэглэж байгаа домогт  генерал Т.Алтангэрэл, монгол цэргийн гарамгай зүтгэлтэн С.Лувсангомбо, С.Баасанхүү нарын зэрэг эртний домогт баатар, жанжин, маршалуудын залгамж болсон Хүндэт эрхмүүд Та бүхэнд гүн талархал илэрхийлье.

Цэргийн дарга, жанжнууд нь эгэл түмнээсээ тодордог, эгэл түмэнтэйгээ амин холбоотой байдаг, дайчин цэргүүдээ эцгийн ёсоор хайрлан халамжилдаг нь монгол цэргийн ямагт ялан дийлэх арга ухааны нэгэн "нууц" нь болсоор иржээ. Монгол Улсын шинэ үеийн цэргийн дарга, генерал, офицерууд ялгуусан энэ уламжлалыг ямагт нэр төртэй сахин хадгалсаар ирсэн.


Өнөөдөр монгол цэргүүд дэлхийн халуун цэгт энхийг сахиулах үүргээ нэр төртэй гүйцэтгэж, монгол цэргийн хийморь жавхааг ертөнцөд дуурсгасаар, энх цагийн эгэл баатрууд маань аюул осол, хэрэг зөрчлөөс бусдыг хамгаалах, авран тэтгэх ариун үйлсээ нэр төртэй гүйцэтгэсээр байна.

Энд хүрэлцэн ирсэн генералууд, ахмадууд бол Улсыг аюулаас хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагууд, Монгол Ардын Арми, Зэвсэгт хүчинд алба хааж, төрийн хууль, өргөсөн тангаргаа дээдлэн, удирдан зохион байгуулах авьяас билиг, ёс жудаг, шударга, хариуцлагатай, зарчимч байдал, нийгэм, иргэдийнхээ төлөө гэсэн чин сэтгэл, зүтгэлээрээ төр, түмэндээ хүндлэгдсэн хүмүүс юм.  

Тиймээс Та бүхний туршлага, сургамжийн их өв санг залуучуудад уламжлуулах, арга туршлагаас тань суралцан, түгээн сурталчлахад онцгой анхаарах ёстой.



Улс орны аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах, хууль сахиулах тогтолцооны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, тэнд алба хаагчдын  онцгой чухал ажил үүргээ хэвийн гүйцэтгэх боломж нөхцөлийг хангах, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нь Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааны нэг гол чиглэл байсаар ирсэн, цаашид ч энэ бодлого тууштай үргэлжлэх болно.

Эх орноо, иргэн түмнээ батлан хамгаалагчдын туг манлай нь болсон эрхэм генералууд Та бүхэндээ идрийн золбоо, эр цэргийн хийморь, урт нас, удаан жаргалыг хүсэн ерөөе.

Монгол цэргийн яруу алдар бадартугай"

Холбоотой мэдээ