Цалингийн хэмжээ тогтоох тухай тогтоолын төслүүдийг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороо /ТББХ/-ны өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай" болон “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжив.
Хуралдааны эхэнд "Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай" тогтоолын төслийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Төрийн албаны тухай хуульд заасанчлан, төрийн өндөр албан тушаалтнуудын цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг Засгийн газрын саналд үндэслэн УИХ тогтоохоор тусгасан. Ингэхдээ Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, Авлигатай тэмцэх газрын удирдах ба гүйцэтгэх албан тушаал, Аудитын газрын удирдах ба гүйцэтгэх албан тушаалтанд хамаарахгүй байхаар боловсруулсан гэдгийг онцлов. Эдгээр албан тушаалтны цалингийн хэмжээ, сүлжээг УИХ-аас тусгайлан тогтоож байгаа учир давхардал үүсгэхгүй байх зорилготой гэж дурдав.
Итгэлзүүрийг батлахдаа яамны Төрийн нарийн бичгийн даргын сарын цалингийн хамгийн өндөр шатлалд хамаарах хэмжээг суурь болгосныг хэвээр мөрдөнө. Ингэснээр төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээг шинэчлэх, цалингийн хэмжээг нэмэгдүүлэх бүрт итгэлцүүрт харгалзах коэфициентоор төрийн өндөр албан тушаалтны зэрэг, түүнтэй адилтгах зэрэглэлийн албан тушаалтны цалингийн хэмжээ нь дагаж нэмэгдэж байх юм гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ. Төрийн албаны тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн тул, үүнтэй уялдуулж тус тогтоолын төслийг дээрх хугацаанаас хүчинтэй болгохоор зохицуулжээ. Энэхүү цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг баталснаар төсөвт нэмэлт ачаалал үүсэхгүй болно гэж төсөл санаачлагчид үзсэн байна. “Төрийн өндөр албан тушаалтан болон түүнтэй адилтгах албан тушаалтны албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр”-ийг 2011 оны зургаадугаар сарын 17-нд УИХ-аас анх баталжээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул дээрх тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцэхийг гишүүдийн 60 хувь нь дэмжлээ.
Үргэлжлүүлэн “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төслийг мөн Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Төрийн албаны тухай хуулиар, сум, дүүргийн Засаг дарга, түүний орлогч, мөн аймаг, нийслэлийн Засаг даргын орлогч, зэвсэгт хүчин, хилийн цэрэг ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тусгай албан тушаалаас бусад улс төрийн болон тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг УИХ тогтоохоор заасныг тогтоолын төсөлд нийцүүлснийг дурдав.
“Зарим албан тушаалтны цалингийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөлд УИХ дахь нам, эвслийн бүлгийн ажлын албанд ажилладаг албан тушаалтны сарын цалингийн хэмжээг УИХ-ын Тамгын газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалын цалинтай, Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалын цалингийн хэмжээг Сум, дүүргийн Засаг даргын албан тушаалын сарын цалинтай, Шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч мэргэжилтэнг Цагдаагийн байгууллагын офицер ахлагчийн албан тушаалыг хамааруулж, адилтгасан албан тушаалын үндсэн цалинтай адил хэмжээгээр тогтоохоор төсөлд тусгасан байна. Энэхүү цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг баталснаар төсөвт нэмэлт ачаалал үүсэхгүй гэж төсөл санаачлагчид үзжээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжив.
Мөн тогтоолын төслүүдийн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа чуулганы нэгдсэн хуралдаанд тус тус танилцуулахаар тогтов.