Ховд их сургуулийг энэ хичээлийн жилд 480 оюутан төгсөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-05-03 18:20:36

Ховд /МОНЦАМЭ/. Баруун бүсийн боловсрол, соёл, шинжлэх ухааны төв, төрийн өмчийн магадлан итгэмжлэгдсэн Ховд их сургууль  “40 дэх хавар- эрдмийн баяр”-аа зохион байгууллаа.

Тус сургуулийг 2018-2019 оны хичээлийн жилд бакалаврын түвшинд 17 мэргэжлээр 353, магистрын түвшинд 12 мэргэжлээр 130 оюутан, нийт 483 оюутан төгсөж байна.

Тус сургуулийн 40 дэх удаагийн Эрдмийн баярын үйл ажиллагаанд сургуулийн захирал Б.Нямдорж болон бүрэлдэхүүн сургуулийн удирдлагууд, багш, ажилтнууд, төгсөх ангийн оюутнууд оролцсон юм. Энэ үеэр сургуулийн удирдлагууд, багш нарын төлөөлөл хүндэтгэлийн үг хэлж,  нийт  төгсөгчдийн цаашдын ажил хөдөлмөрт  өндөр амжилт хүслээ.

Мөн Ховд их сургуулийн “40 дэх хавар-эрдмийн баяр”-ыг тохиолдуулан суралцах хугацаандаа өөрийн оюун ухаан, авьяас билэг, ур чадвараараа  бусдыгаа манлайлсан шилдэг тэргүүний нэр бүхий оюутнуудыг  шалгаруулан, шагнаж  урамшуулсан юм.

Ховд их сургуулийн хувьд өдгөө 2 бүрэлдэхүүн сургууль, нэг салбар сургуультай, 260 гаруй эрдэмтэн багш, ажилтан, 2600 гаруй оюутан суралцагчидтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд  тус сургууль нь  9400 гаруй бакалавр, 1300 гаруй магистр зэрэгтэй чадварлаг боловсон хүчин бэлтгэн төгсгөж, баруун бүсийн төдийгүй Монгол Улсын боловсролын салбарт бодит хувь нэмэр оруулж байгаа бөгөөд оюутан суралцагчид бүсийн хэмжээнд сурлага, урлаг, спортын амжилтаараа манлайлж байгаа тухай сургуулийн хамт олон бахархан ярилаа.

Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн сүүлийн 3 жилийн судалгаагаар Ховд их сургуулийн нийт төгсөгчийн 65 хувь нь ажлын байртай болсон ба  35 хувь нь мэргэжлийнхээ дагуу ажиллаж байна гэсэн дүн гарчээ.  

 

 

 

Холбоотой мэдээ