Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газартай хамтран ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан өнөөдөр Швейцарын хөгжлийн агентлаг /ШХА/-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч, Ерөнхий консул Габриелла Спирли болон Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газрын төлөөллийг хүлээн авч уулзав.
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлгээ хийх чадавхыг сайжруулах чиглэлээр 2017 оноос эхлэн Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газартай хамтран ажиллаж байгаа юм.
Уулзалтын эхэнд УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан, “Хоёр улсын парламентын Тамгын газар хоорондын туршлага судлах дөрөв дэх удаагийн уулзалт боллоо. Богино хугацаанд үр дүнтэй хамтын ажиллагааны бат бэх суурийг тавьсан. Хамтын ажиллагааны эхний үр дүнгээс дурдвал “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн хэрэгжилтийн байдалд дүн шинжилгээ хийж, үр дүнг УИХ-ын холбогдох байнгын хороо, ажлын хэсэгт танилцуулсан. Одоо “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн хэрэгжилтийн байдалд үнэлгээ хийж байна. Энэ ажлын хүрээнд, бид гурван аймаг, таван дүүрэгт ажиллаж, судалгаа хийсэн. Удахгүй үр дүнг нь гаргаж, тайлагнана. Цаашид хоёр талын хамтын ажиллагааны хүрээ улам өргөжин хөгжинө гэдэгт илтгэлтэй байна” гээд бүхий л талаар дэмжин ажилласан Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газрын төлөөлөгчдөд талархал илэрхийлэв.
Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газрын төлөөлөгчид долоо хоногийн хугацаанд үргэлжилсэн хоёр улсын парламентын Тамгын газар хоорондын туршлага судлах дөрөв дэх удаагийн семинар амжилттай болсныг тэмдэглээд УИХ-ын Тамгын газрын ажилтнууд үр дүнтэй, чанартай ажлуудыг хийснийг онцоллоо. Парламентаас батласан хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлгээ хийх нь чухал бөгөөд цаг хугацаа, хөрөнгө зарцуулах шаардлагатай байдаг. Иймд УИХ-ын Тамгын газарт үнэлгээ хийх чадварлаг хүний нөөц байгаа боловч цаашид тогтолцооны түвшинд хэрхэн бэхжүүлэх талаар анхаарч шийдвэрлэх хэрэгтэйг төлөөлөгчид хэлсэн юм.
Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэгт хоёр жилийн турш хамтын ажиллагаа амжилттай үргэлжилж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн үнэлгээний тайланг 10 дугаар сар гэхэд хамтран ажилласан багийнханд хүргүүлж, санал зөвлөмжийг нь авч тусгаад 11 дүгээр сард УИХ-д танилцуулах ажлыг хийхээр төлөвлөснөө хэлэв.
Ингээд УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөлд үр бүтээлтэй хамтран ажилласан Камил Баррастад УИХ-ын Тамгын газрын өргөмжлөлийг гардуулж, талархал илэрхийлэв. Тэрбээр хоёр жилийн хугацаанд Монгол Улсад ажиллаад нутаг буцаж байгаа юм байна.