Ө.Энхтүвшин: Нийт 239.2 мянган га талбай түймэрт өртөөд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Шадар сайд Ө.Энхтүвшин “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын талаар” мэдээлэв.
Тэрбээр, хаврын улиралд өнжмөл өвс, унанги мод ихээр хуримтлагдах, хур тунадас, чийг дутагдлын улмаас хөрс хуурайших, салхины хүч нэмэгдэж, шуурах зэргээс ой, хээрийн түймэр гардаг. Ийм үед иргэдийн болгоомжгүй байдлаас унтраалгүй хаясан тамхи, машин техникийн яндангаас үсэрсэн оч, бүрэн унтраалгүй ил хаясан үнс, нурам зэргээс шалтгаалж ой, хээрийн түймэр гарч байна. Энэ хавар хуурайшлын улмаас олон улс оронд ой хээрийн түймэр гарж байна. Манай улсын хувьд, өнгөрсөн 3,4 дүгээр сард баруун болон төвийн аймгийн нутгаар тодорхой хэмжээгээр хур тунадас орж, хөрсний чийг зохистой түвшинд байна. Харин зүүн аймгийн нутгаар хур тунадас бараг ороогүй, хөрс ихээр хуурайшиж, гал түймрийн эрсдэл их хэвээр байгааг танилцуулгадаа онцолсон.
Энэ жил улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийслэл, Булган, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн 33 суманд нийт 48 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч урьдчилсан байдлаар 21.9 мянган га ой, 217.2 мянган га хээрийн талбай, нийт 239.2 мянган га талбай түймэрт өртөөд байна. Эдгээр түймэртэй тэмцэхээр Онцгой байдлын байгууллагаас 1253 алба хаагч, 148 автомашин, ЗХЖШ-аас нисдэг тэрэг 7 удаа, Хил хамгаалах байгууллагаас 120 алба хаагч, 20 автомашин, Цагдаагийн байгууллагаас 17 алба хаагч, 2 автомашин, орон нутгаас 1782 иргэн, 213 автомашин, 17 мотоцикл, 69 морь, нийтдээ 3172 хүн, 7 нисдэг тэрэг, 383 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгааг Шадар сайд мэдээлэлдээ дурдлаа.
Мөн Улсын онцгой комиссын 01 тоот албан даалгаврыг энэ оны 02 дугаар сарын 20-ны өдөр гаргасан. Монгол Улсын Шадар сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг эрчимжүүлэх тухай” хамтарсан тушаалаар түймрийн аюулын үнэлгээг харгалзан тухайн аймаг, суманд явуулж буй ойн арга хэмжээ, иргэдийн аялал зугаалга, ой, хээрийн бүсэд зорчих үйл ажиллагааг хориглох, түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг шуурхай удирдлагаар хангах үүрэг бүхий жижүүр ажиллуулж байна. Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүний ой, хээрийн гал түймэр унтраах автомашин, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулан, нөхцөл байдал хүндэрсэн үед мэргэжлийн анги, албад, гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсэг, нутгийн иргэдийг татан оролцуулах, тэдгээрийг мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж байна. Цаашид ч Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт ихтэй, гал түймрийн эрсдэл өндөр байгаа тул Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн сарын 18-ны өдөр “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай” А/329 тоот захирамж гаргаж зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэл Нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялгийг ашиглах, амралт, аялал зугаалга зохион байгуулах, ил задгай гал түлэхийг хориглох арга хэмжээг авч, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна гэж байлаа.
Сүүлийн жилүүдэд Монгол-Орос-Хятад улсын хил дагуух бүс нутгаар ой, хээрийн түймэр гарч, зарим тохиолдолд хил дамнасан том түймэр болон өргөжин тэлж, гурван улсын хил орчмын байгалийн экологи, эдийн засагт үлэмж хэмжээний хохирол үзүүлж байна. Хил орчмын ой, хээрийн гал түймэртэй тэмцэх хүрээнд ОХУ-ын Засгийн газартай 1995 онд байгуулсан “Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг арилгах салбарт хамтран ажиллах тухай” хэлэлцээр, БНХАУ-ын Засгийн газартай байгуулсан “Хил орчмын ой, хээрийн гал түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай” хэлэлцээрийн дагуу хоёр орны хамтарсан комиссын уулзалтыг зохион байгуулж, ажиллаж байна. ОХУ-тай хиллэж байгаа Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Увс аймгийн улсын хилийн шугамын дагуу нийт 10-30 м өргөнтэй, 800 гаруй км урт үргэлжилсэн түймрээс хамгаалах зурвасыг шинээр байгуулсан нь гал түймрийн эрсдэлийг бууруулахад нэн чухал ач холбогдолтой арга хэмжээ болж үр дүнгээ өгч байгааг Шадар сайд танилцуулгадаа дурдсан.
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор цаашид Улсын хил дамнан гарч буй ой, хээрийн түймэр, ялангуяа хоёр хөршөөс орж ирсэн түймрийн хурд их, эрчим өндөртэй, ихээхэн талбайг хамарсан түймэр олон тохиолдож байгаа тул урьдчилан сэргийлэх, хамгаалах, унтраахад ихээхэн хүн хүч, техник хэрэгсэл шаардагдах болсныг дурдаад цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар мэдээлсэн. Тухайлбал, Монгол улсын газар нутаг өргөн уудам, хүн амын нягтшил бага байгаатай холбоотойгоор үүссэн ой, тал хээрийн түймрийг цаг хугацаа алдалгүй шуурхай илрүүлэхийн тулд хүн хүчнээс гадна шинжлэх ухаан технологийн ололт амжилт, дэвшилтэт технологиудыг ашиглан хиймэл дагуулын зураглал, нисдэг дрон, байнгын ажиглалтын камер зэрэг төхөөрөмжүүдээр гал түймрийн эрсдэлтэй газар нутгийг өргөнөөр хамруулах, тоног төхөөрөмжүүдийг суурилуулан байнгын ажиглалт хийдэг байх шаардлагатай байна гэсэн юм.
Шадар сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулж цөөнхийг төлөөлж УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Б.Пүрэвдорж, Я.Санжмятав нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.
Гишүүдээс ой, хээрийн гал түймрийн дийлэнх хувь нь хүний хариуцлагагүй байдлаас үүдэлтэй тул иргэд аялаж, зугаалахдаа гал түймрийн аюулаас болгоомжлохыг анхааруулахын зэрэгцээ ОБЕГ-ын алба хаагчдыг хувцас, техник хэрэгслээр хангах, төсөв санхүүжилтийг нь нэмэх шаардлагатай гэж байлаа. Мөн ой, хээрийн гал түймрийг унтраахад зарцуулсан хөрөнгө, хохирлын хэмжээний зардлын харьцуулсан судалгаа болон нийт гарсан түймрийг бүрэн унтрааж дуусгасан эсэхийг лавлав. Түүнчлэн Хэнтий аймагт хил дамнан орж ирсэн гал түймрийн нөхцөл байдал, ОБЕГ-ыг нисдэг тэрэг болон, бусад техник хэрэгслээр хангах талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар илүүтэй тодруулсан.
Өнгөрсөн таван жилийн хугацаанд улсын хэмжээнд нийт 1075 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч 0.2 сая га ой, 13.8 сая га бэлчээр, нийт 14.0 сая га талбай түймэрт өртөж, байгаль экологи болон эд материалд 203.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Одоогоор ОБЕГ-т нэг ч нисдэг тэрэг байхгүй. Засгийн газар Франц улсаас урт хугацаатай, хөнгөлөлттэй нөхцлийн зээлээр гурван нисдэг тэрэг авахаар ажиллаж байгаа бөгөөд уг асуудлыг ойрын хугацаанд УИХ-д өргөн барьж, танилцуулна. Энэхүү нисдэг тэргүүдийг Эрүүл мэндийн яам, Батлан хамгаалахын яам, ОБЕГ буюу төрийн байгууллагуудын дунд хэрэглэнэ гэж Монгол Улсын Шадар сайд хариултдаа дурдлаа. Мөн тэрбээр, он гарснаас хойш 48 ой, хээрийн түймэр гарсан бөгөөд ОБЕГ-ын алба хаагчид цаг тухайд нь унтрааж дуусгаад байгааг онцлохын зэрэгцээ Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Онон баг “Хашлиг” гэдэг газар Монгол Улсын хилийн 783 дугаар тэмдэгтээр 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна. Энэхүү гал түймрийг унтраахаар Өмнөговь, Дорноговь, Говь-Cүмбэр аймгаас нэмэлт хүн, хүчийг төвлөрүүлэн ажиллуулж байна гэж байлаа.
Харин ОБЕГ-ын Дэд дарга, генерал Г.Арвинбуян, 2017, 2018 онд нийт 302 удаагийн ой, хээрийн түймэр гарч, 1.1 сая га газрыг хамарсан бөгөөд 1.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан тооцоо бий. Нийт хохирлын хэмжээтэй харьцуулбал ой, хээрийн түймрийг унтраах зардал 0.5-1.0 хувийг л эзэлдэг гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн.