Дондогдулам хатны дурсгалт газрыг судалж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-05-07 19:06:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Түүх, археологийн хүрээлэнгийнхэн Дондогдулам хатны дурсгалт газрын орчимд хайгуул, малтлага хийж эхэлсэн байна. Одоогоор тоосго, цутгамал шавар бурхан, цаасны хэсгүүд, шавар бурхны хэлтэрхий зэрэг эд өлгийн зүйл олжээ. Малтлага дууссаны дараа судалгааны ажил үргэлжлэх юм байна.

Дондогдулам хатан бол Монголын сүүлийн хааны хатан болж, "Шашин төрийг өрнүүлэгч, Улсын эх дагина Дондогдулам" гэсэн мөнгөн тамга барьж явсан, 20 дугаар зууны Монголын хамгийн нөлөөтэй эмэгтэй байсан билээ.  

Нийслэлийн  Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шаргаморьт зуслангийн баруун хойд хэсэгт орших, Дондогдулам хатны дурсгалт газрын орчимд иргэдэд газар эзэмшүүлэх шийдвэр 2015 онд гаргаснаар иргэд өнгөрсөн оны тавдугаар сард хөрс хуулж, хашаа, байшин барьж эхэлсэн тул Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас уг дурсгалын үнэ цэнийг тодорхойлж, газар эзэмшүүлсэн захирамжийг цуцлуулжээ. Мөн Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийнхэнтэй хамтран дурсгалын ойр орчимд иж бүрэн малтлага, судалгаа хийж, цэцэрлэгжүүлэн, тохижуулсан.

Дондогдулам хатан 1923 онд таалал төгсөхөд шарилыг нь ёс төртэйгөөр хайлуулж, Шаргаморьтын амны хойд энгэрт нутаглуулан, гэрэлт хөшөө босгосон юм байна. Хатны чандрыг тээж хүргэсэн есөн шарга морийг тус газарт сэтэрлэн тавьснаар Шаргаморьт хэмээх нэртэй болсон домогтой. Энэ түүхэн газрыг хамгаалах, судалгаанд оруулах ажлыг ийнхүү холбогдох газрууд хийж байна.

Холбоотой мэдээ