М.Гантулга: Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн дундаж нас 11 байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-08 19:17:54
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар, “Хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг Төрийн ордонд өнөөдөр боллоо. 


Тус хэлэлцүүлгийг  УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Хууль зүйн байнгын хорооноос хамтран зохион байгуулсан юм.



Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар, хүүхдийг хүчирхийллээс хамгаалах асуудалд УИХ онцгой анхаарч, холбогдох хууль тогтоомж гаргахаар ажиллаж байгааг онцлов. Тэрбээр, Судалгаагаар, хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй 25 мянган хүүхэд бий. Эдгээр хүүхдийн хараа хяналтыг сайжруулахад хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатайг онцлов. Энэ хүрээнд Хууль зүйн байнгын хороо болон Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хороо хамтран ажлын баг гаргаж, Гэр бүлийн тухай хуулинд эцэг эхийн хариуцлага, гэр бүлийн боловсролын асуудлыг нэмж тусгахаар хуулийн төсөл боловсруулж байгааг дуулгав. Мөн Эрүүгийн хуулинд хүчирхийллийн гэмт хэрэгтэй тэмцэх, ялын бодлогыг чангатгах асуудлыг судалж байгааг онцоллоо.


Хэлэлцүүлэгт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, Улсын ерөнхий прокурорын газрын сургалтын төвийн дарга М.Гантулга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Судалгаа, мэдээлэл, шинжилгээний төвийн дарга Ц.Мандах зэрэг албаныхан илтгэл хэлэлцүүлсэн.


Хүүхэд хамгааллын тухай хуулиар боловсрол, эрүүл мэнд, олон нийтийн үйл ажиллагаа, хэвлэл мэдээлэл, гэр бүлийн гэсэн үндсэн таван орчинд хүүхдийн эрх хамгаалагдаж байгааг ГБХЗХГ-ын дарга О.Алтансүх илтгэлдээ танилцуулав. Тэрээр, Хүүхдийн хүчирхийлэл гэр бүлийн орчинд хамгийн ихээр буюу 80 орчим хувийг эзэлж байгаа бөгөөд гэр бүл салалт, архины хамааралтай эцэг эх, дахин гэрлэлт, хараа хяналт сул байдгаас үүдэлтэй гэдгийг хэлэв. 



Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнгөрсөн 4 жилийн хугацаанд шүүхээс эцэслэн шийдэгдсэн хүүхдийн эсрэг гэмт хэргийн 80 хавтаст хэрэгт судалгаа хийж, дүгнэлт хийхэд ялын бодлогын хувьд бүгд өөр өөрөөр шийдэгдсэн байжээ. Хүүхдийн эсрэг гэмт хэргийг шийдвэрлүүлэхэд өмгөөллийн асуудал ч хүндрэлтэй. Төрөөс үнэ төлбөргүй өмгөөллөөр хангах ёстой ч тэдгээр өмгөөлөгчдийн ур чадвар муу, шүүх хуралдаандаа ирдэггүй зэрэг асуудал тулгардаг. Хүчирхийлэгч нь өмгөөлөгчтэй шүүх хуралд орж байхад хохирогчид өмгөөлөгчгүй байдаг. Иймд стратегийн өмгөөлөл хийх 12 өмгөөлөгчтэй гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа. Ингэснээр улсын хэмжээнд хүүхдийн эсрэг гэмт хэрэг тэр дундаа бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдийн хэргийг шүүхээр нэг ижил ялын бодлогоор шийдвэрлүүлэхэд жишиг тогтоох боломжтойг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх танилцууллаа.


Улсын ерөнхий прокурорын газрын Сургалтын төвөөс 2012-2016 оны хороонд үйлдсэн 18 насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх 730 гэмт хэргийн материалд суурь судалгаа хийжээ. Бэлгийн хүчирхийлэлд өртөж хохирогч болсон хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдсэн байна. Нийт хохирогч хүүхдийн 92.1 хувь эмэгтэй, 3,9 хувь нь эрэгтэй байсан байна. Хүчирхийлэгчдийн насны хувьд, 19-35 насныхан дийлэнх буюу 58,4 хувийг эзэлсэн бөгөөд тодорхой эрхэлсэн ажилгүй, амьжиргааны түвшнээс доогуур орлоготой, өмнө нь гэр бүлдээ бие махбод болон сэтгэл санааны дарамт учруулдаг байжээ. Дээрх судалгаанд хохирогчдын дундаж нас 11 байсан нь анхаарал татаж байгаа юм. Хүчирхийлэл голдуу наймдугаар сард үйлдэгддэг. Дулааны улирал эхлэх, сурагчдын амралтын үеэр энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгддэг бөгөөд хохирогчдын 85.2 хувьд таньж мэддэг хүмүүс нь хүч хэрэглэжээ. Харин хохирогч хүүхдүүдэд сэтгэл заслын эмчилгээ хангалттай хийгддэггүйг тус Сургалтын төвийн дарга М.Гантулга хэлсэн юм.


Нэг хохирогчийн ард гэр бүл бүхэлдээ хохирч байгааг анхаарч, хүүхдийн бага наснаас нь зөв төлөвшүүлэх сургалтыг насны онцлогт нь тохируулан зааж сургах шаардлагатай байгааг Хүүхэд хамгааллын “Үжин” төвийн захирал Д.Ундраа онцолсон. Бага насандаа амссан сэтгэл зүйн цочрол насан туршид нь байсаар сэтгэцийн эмгэгтэй болдог учраас эрт илрүүлж, урт хугацаанд эмчлэх шаардлагатай байдгийг сэтгэл засалч эмч А.Солонго хэллээ.


Хэлэлцүүлэгт оролцогчид нийгмийн сүлжээгээр хүчирхийллийн хохирогч болсон хүүхдүүдийн зураг мэдээллийг хяналтгүй цацаж байгаа нь сөрөг үр дагавар үүсгэж байгааг ч онцолсон. Мөн бага насны хохирогч хүүхдүүдийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах нөхцөлийг сайжруулж, мэдээллийг нууцлах, бэлгийн замын халдварт өвчнийг үзлэгийг тогтмолжуулах, эмч боловсон хүчнийг бэлтгэх талаар саналаа хэлж байлаа.


Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоо, технологи, бага наснаас нь хүүхдийг зөв төлөвшилтэй болгох, салбар бүрийн уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байгаатай хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгдэж байлаа. Ялын бодлогыг чангатгах асуудлыг УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгээс хуулийн төсөл боловсруулахаар ажиллаж байгааг УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Д.Оюунхорол дурдав.


УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцүүлэгт оролцогчдод талархал илэрхийлээд УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангахыг төрийн байгууллагуудаас шаардаж ажиллахаа сануулав. Тэрбээр, яам агентлагууд, цагдаа, хяналтын байгууллагууд хүүхдийн хүчирхийллийн эсрэг хууль эрх зүйн орчныг шинэчлэх саналаа боловсруулж УИХ-д ирүүлэхийг үүрэг болголоо. Мөн 14 хоногийн дараа хүүхдийн эрхийн асуудлаар хяналтын “Нийтийн сонсгол” зохион байгуулахаар болсноо албан ёсоор зарлаж, энэхүү сонсголд бүх хүн оролцох боломжтой бөгөөд иргэд гомдол, саналаа бичгээр ирүүлж болохыг хэлсэн юм. Түүнчлэн УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгээс энэ сарын сүүлээр хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр томоохон хэлэлцүүлгийг олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар болсноо зарлалаа.


Холбоотой мэдээ