Чингэлтэй дүүргийн 15 сургууль нэгдүгээр ангийн сурагчдыг цахимаар бүртгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-05-14 13:34:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Мэдээлэл, технологийн газар Улаанбаатар хот дахь төрийн өмчийн ЕБС-ийн 2019-2020 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангийн элсэлтийн талаар мэдээлэл хийв.


Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг, “Элсэлтийг 2019-2020 оны хичээлийн жилийн хувьсах зардал, төсвийг бодитой төлөвлөх, бүлэг дүүргэлтийн нормыг баримтлах, хичээлийн ээлжийн тоог нэмэгдүүлэхгүй байх зорилгоор “Хамран сургах тойрог тогтоох тухай” нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалыг үндэслэн зохион байгуулна. Дүүргийн Боловсролын хэлтэс, ерөнхий боловсролын сургуулийн захирал, бага боловсролын сургалтын менежер, багш, эцэг эх, олон нийтийн байгууллагын төлөөллийн бүрэлдэхүүнтэй элсэлтийн ажлыг зохион байгуулах ажлын хэсгүүд байгуулсан” хэмээв.

Нийслэлийн Мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг, “Чингэлтэй дүүрэг дэх төрийн өмчийн ерөнхий боловсролын 15 сургуульд энэ жилийн нэгдүгээр ангид элсэх хүүхдийг цахимаар бүртгэж байна. БСШУСЯ-тай хамтран Боловсролын салбарын мэдээллийн ESIS цахим системээр элсэлтийг зохион байгуулж байгаа. Цахим системээр одоохондоо зөвхөн Чингэлтэй дүүргийн хамран сургах тойрогт сурах хүүхдийг бүртгэх юм” гэв.


Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд 2019-2020 оны хичээлийн жилд элсэн суралцах сурагчдыг энэ сарын 13-27-нд бүртгэж, элсэгчдийн бүртгэлийг удирдлагын мэдээллийн системд оруулна.

Нэгдүгээр ангид 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс 2013 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлнэ. Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй. Элсэгчид бүртгүүлэхдээ Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар, эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар3x4 хэмжээтэй 1 хувь цээж зураг зэргийг бүрдүүлэх шаардлагатай. 

Холбоотой мэдээ