Төрийн албан хаагчид хөнгөлөлттэй үнээр орон сууцтай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-05-17 15:46:08

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Төрийн албан хаагчид хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцтай болох боломж бүрдэж өнөөдөр барилгын шав тавих ёслол боллоо. Тодруулбал 8 хэлтэс, газрын алба хаагчид тус орон сууцанд орох бөгөөд мкв нь зах зээлийн үнээс бага ажээ.

Дээрх 8 хэлтэс, газруудад Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Ус цаг уур орчны шинжилгээний газар, Стандартчилал хэмжил зүйн хэлтэс, Байгаль орчин аялал жуулчлалын газар багтсан аж.

Тус орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэх компаниар “Хэрлэн зураглал” ХХК шалгарч барилга барих эрхтэй болсон бөгөөд салбартаа таван жилийн ажлынтуршлагатай хамт олон ажээ.

Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нэг метр квадрат орон сууцны үнэ нэг сая 600 мянган төгрөг байгаа бол тус нийтийн орон сууцыг төрийн албан хаагчдад нэг сая 250 мянган төгрөгөөр борлуулж хөнгөлөлттэй зээлд хамруулах аж. Ингэснээр албан хаагчид үнэ хямд, чанартай тохилог орон сууцтай болох юм. Нийтийн орон сууцны барилгын ажил энэ сардаа эхэлж 12 дугаар сард эхний ээлжийн орон сууц ашиглалтад орно.

Тус орон сууцжуулах хөтөлбөр нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн албан хаагчдыг чадавхжуулах, нийгмийн баталгааг хангах замаар төрийн албаны тогтвортой байдлыг хадгалах зорилтын хүрээнд хэрэгжиж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ