Ц.Намуунцэцэг, О.Насанбурмаа нар “Байгаль Опен” ОУТ-д түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-05-18 22:49:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн “Байгаль Опен” олон улсын тэмцээн тавдугаар сарын 17-19-нд Улаан-Үд хотын спорт цогцолборт болж байгаа бөгөөд манай улсаас 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байна.


Тэмцээний эхний өдөр медалийн эзэд тодорч, эмэгтэйчүүдийн 50 кг-д ОУХМ Ц.Намуунцэцэг, 68 кг-д МУГТ О.Насанбурмаа нар алтан медаль, спортын мастер Н.Анударь мөнгөн медаль, ОУХМ Буяндалайн Чимгээ нар хүрэл медаль тус хүртжээ. Мөн ОУХМ Х.Болортуяа мөнгөн медаль, ОУХМ Э.Цэвэгмид хүрэл медалийн эзэн боллоо. Эмэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Б.Хонгорзул мөнгөн медаль, ОУХМ А.Батцэцэг, П.Шинэхүү нар хүрэл медалийн эзэн боллоо. Эрэгтэйчүүдийн 86 кг-д ОУХМ Г.Ганхуяг мөнгөн медаль, 74 кг-д ОУХМ Б.Бямбадорж, 65 кг-д ОУХМ Б.Нямдорж нар хүрэл медалийн эзэн боллоо.


Тус тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд ОУХМ Т.Түвшинтулга, 125 кг-д ОУХМ П.Хүдэрбулга, эмэгтэйчүүдийн 53 кг-д ОУХМ Э.Сумъяа, 62 кг-д ОУХМ Ө.Пүрэвсүрэн, 76 кг-д гавьяат тамирчин О.Бурмаа, спортын мастер Г.Ариунжаргал нар алтан медалийн төлөө барилдана. Эхний өдөр манай зургаан бөх шигшээд шалгарсан бол өнөөдөр дахин зургаан бөх финалдав.


Эрэгтэйчүүдийн 70 кг-д ОУХМ Э.Тэмүүлэн, 92 кг-д спортын мастер М.Цогтгэрэл, 125 кг-д ОУХМ М.Лхагвагэрэл, эмэгтэйчүүдийн 62 кг-д ОУХМ Б.Шоовдор, спортын мастер Д.Түмэнхүслэн, 76 кг-д ОУХМ Г.Наранчимэг, спортын мастер Н.Загардулам нар маргааш хүрэл медалийн төлөө барилдахаар болсон юм. Маргааш эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92, 125, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг жингийн медалийн төлөөх барилдаан болно.

Холбоотой мэдээ