Замын хяналтын постод гарч байгаад угаартаж нас баржээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-05-19 22:49:36

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Цаг агаарын аюулт үзэгдэл болохтой холбоотойгоор тус аймгийн хэмжээнд авто замын хяналтын постууд ажиллаж байгаа. Түмэнцогт сумын постод гарч байсан гурван иргэн угаартаж, улмаар нэг иргэн амь насаа алдаж, хоёр иргэний биеийн байдал хүнд, сумын эрүүл мэндийн төвд ухаангүй байгаа аж. 

Тодруулбал, уг хэрэг өнгөрсөн шөнийн 02-03 цагт болсон бөгөөд гадаа хүйтэн байсан учир машинаасаа бууж, постын гэрт орж гал түлээд унтсан байна. Угаартсан гурван иргэний хоёр нь цагдаагийн, нэг нь онцгой байдлын газрын аврах ангийн алба хаагч байжээ.

Ухаангүй байгаа хоёр иргэнийг маргааш Улаанбаатар хотруу онгоцоор тээвэрлэхээр төлөвлөж байгаа юм байна. Амь насаа алдсан, Түмэнцогт сумын цагдаагийн хэлтсийн төлөөлөгч Ж нь тус суманд томилогдоод удаагүй байсан ба эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг байжээ. Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан алба хаагчид сүхбаатарчууд эмгэнэл илэрхийлж байна. 

Холбоотой мэдээ