Улсын төсвийн 45,3 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалтын ажил хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-05-20 10:22:52

Сүхбаатар /МОНЦАМА/. Тус аймаг энэ онд улсын төсвийн 45,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажил хийнэ. Үүнээс 11,3 тэрбум төгрөгийн ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн бөгөөд энэ онд үргэлжлүүлэн гүйцэтгэх юм.

Тодруулбал, Баруун-Урт суманд 500 хүүхдийн сургууль, Уулбаянд сурагчдын дотуур байр, Эрдэнэцагаан, Түвшинширээ суманд хүүхдийн цэцэрлэг, Халзан, Мөнххаанд соёлын төв, Дарьганга Наран суманд эрүүл мэндийн төвийн барилгын ажлыг үргэлжлүүлэн хийж байна. Эдгээрийг 219 ондоо багтаан ашиглалтад оруулах аж.

Харин энэ онд нэг, хоёр сургууль, хоёр спорт заал, гурван цэцэрлэг, хоёр соёлын төв, Баруун-Урт сумын дөрөвдүгээр тойргийн авто замын хучилт, Дарьгангын хүүхдийн зуслан, хилийн тор сэргээн засварлах зэрэг ажил шинээр хийнэ.

Аймгийн төв Баруун-Урт суманд орон нутгийн хөгжлийн сан болон орон нутгийн хөрөнгө оруулалт болох 5,2 тэрбум төгрөгөөр 51 төрлийн төсөл арга хэмжээг  хэрэгжүүлэх юм байна.

Дээрх бүтээн байгуулалтын ажлуудын зураг төсвийн гэрээг хийсэн, эхнээсээ тендер нь зарлагдаж байгаа гэж аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсээс мэдээллээ. 

Холбоотой мэдээ