Орон нутгийн үйлдвэрлэл, борлуулалт 1.6 тэрбумаар нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймаг өнгөрсөн оныг “Орон нутгийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг дэмжих жил” болгон зарласан.
Орон нутгийн үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээг дэмжсэнээр тус аймгийн хэмжээнд аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл, борлуулалт 53.3 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 1.6 тэрбум төгрөгөөр өсчээ. Бодитой жишээ татахад, “Дорнын уран гоёл” оёдолчдын холбоо 10 гаруй төрийн байгууллагатай хамтран ажиллаж хөдөлмөр хамгааллын болон дүрэмт хувцсыг үйлдвэрлэж нийлүүлсэн нь өмнөх онтой харьцуулахад оёдлын салбарын үйлдвэрлэл эрхлэгчдийн орлого 60 гаруй хувиар өсч, 15 ажлын байр шинээр нэмэгдсэн байна.
Тус аймгийн Засаг даргын өнгөрсөн оны худалдан авах ажиллагааны тендер шалгаруулалтад давхардсан тоогоор 139 оролцогчоос 91 оролцогчтой гэрээ байгуулснаас 75 нь орон нутгийн гүйцэтгэгч байв. Мөн сумдын орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 4,9 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж ажилласнаас давхардсан тоогоор нийт 229 гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсны 194 нь орон нутгийн гүйцэтгэгч байгаагаас харахад орон нутгийн аж ахуйн нэгжүүдэд давуу эрх олгон 80-аад хувийг дэмжин ажилласан гэж тус аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсээс мэдээллээ.