ЕАЭЗХ-той Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-05-20 18:01:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-ны Интеграцийн хөгжлийн газрын захирал С.С.Шухно тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.


Уулзалтаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хамтарсан судалгааны ажлыг эхлүүлэх боломжийн талаар санал солилцов. Уулзалтаар Монгол Улсын Засгийн газар болон Евразийн эдийн засгийн комиссын хамтарсан Ажлын багийн III хуралдааныг энэ оны 10 дугаар сард Москва хотноо зохион байгуулах, тухайн үед бизнес эрхлэгчдийн уулзалт зохион байгуулахаар санал нэгдэв.


Евразийн эдийн засгийн комиссын төлөөлөгч нар энэ сарын 22-ныг хүртэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар болон Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын удирдлагуудтай уулзалт хийж, хоёр талын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцох юм.


Евразийн эдийн засгийн холбоо нь Монгол Улсын гадаад худалдаа, эдийн засгийн харилцаанд чухал ач холбогдолтой ОХУ, Казахстан, Беларусь, Киргиз, Армен зэрэг 5 орныг бүрэлдэхүүндээ багтаасан бүс нутгийн байгууллага юм.

Холбоотой мэдээ