Япон цэргийн гарнизоноо Хятадтай маргаантай аралд байрлуулжээ

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2016-03-28 15:23:39

ТОКИО. /RIA Novosti/. Японы Өөрийгөө хамгаалах хүчин Хятад улстай газар нутгийн маргаантай арлуудаас 150 км зайтай оршдог Ёнагуни аралд хуурай замын хүчнийхээ гарнизоныг байрлуулжээ.

Киодо агентлагийн мэдээлснээр, 160 орчим цэргийн албан хаагчтай гарнизон нь маргаантай Сенкаку аралтай /Хятад нэр нь Дяоюйдао/ зэргэлдээ оршдог Ёнагуни арлын бүсэд өөр улсуудын десантын цэргүүд буух оролдлогыг няцаах, мөн усан болон агаарын орон зайг хянах үүрэгтэй байна. Японы мэргэжилтнүүд мөн арал дээр байрлуулсан радарын станцыг ашиглах аж.

Бээжингийн эрх баригчид өөрийн төрөлх газар нутаг гэж үздэг Сенкаку бүлэг арлын тавыг нь Токио хотын эрх баригчид хувийн эзэмшигчдээс худалдан авснаа 2012 оны есдүгээр сард мэдэгдсэний дараа Япон, Хятадын харилцаа хурцадсан юм.

Хоёр орны хоорондох газар нутгийн маргаан 1970-аад оны эхэн үеэс эхтэй. Япончууд 1895 оноос хойш уг бүлэг арлыг эзэмшиж байгаа бөгөөд үүнээс өмнө аль ч улсад харьяалагдаж байгаагүй гэж Японы эрх баригчид мэдэгддэг. Тэгвэл Дяоюйдаог 600 жилийн өмнө Хятадын бүрэлдэхүүнд оруулсан бөгөөд 1783, 1785 оны Японы газрын зургуудад уг арлыг Хятадын газар нутгаар тэмдэглэсэн байдаг гэж Бээжингийн эрх баригчид мэдэгддэг.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ