Улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт вакцинаар 18706 хүүхдийг дархлаажуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-05-20 22:58:01

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт вакцинаар 5-18 насны 18706 хүүхдийг дархлаажуулах судалгаа гарчээ. Үүнээс өнөөдрийн байдлаар 80 орчим хувь нь дархлаажуулалтад хамрагдаад байна. “Дархлаажуулалтын 10 хоногийг зохион байгуулах тухай” Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/207 дугаар тушаалын хүрээнд “Улаанбурхан өвчинд цэг тавья” уриан дор 2019 оны тавдугаар сарын 15-25-ны өдөр улсын хэмжээнд улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтын арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.

Завхан аймгийн хувьд дархлаажуулалтыг зохион байгуулах ажлын багийг аймгийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 161 дүгээр захирамжаар байгуулан сум, аймгийн ерөнхий боловсролын сургууль, эрүүл мэндийн төвүүд, эцэг эхчүүд хамтран ажиллаж байна. Дархлаажуулалтын 10 хоногийн  нээлт Улиастай сумын Дэвшил сургууль дээр болж эмч, сувилагч нар аймгийн хэмжээнд 24 сумын 30 сургууль, 40 цэцэрлэгт очиж хүүхдүүдэд вакциныг хийж байна. Вакцин хийхдээ эцэг эхчүүдийн зөвшөөрлийг авч хийж байгаа бөгөөд ямар нэгэн шалтгаанаар хоцорсон хүүхэд өрхийн эмнэлэгт очиж  вакцинаа заавал хийлгээрэй хэмээн эмч нар зөвлөж байна.

Улаан бурхан өвчнөөр хэн өвчлөх вэ?

Улаан бурхан өвчний халдварлах эрсдэл хэнд хамгийн өндөр вэ?

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй бага насны хүүхдүүд болон жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авах эрсдэл хамгийн өндөр байдаг аж. Мөн энэ өвчнөөс үүдэлтэй хүнд хэлбэрийн хүндрэлүүд таваас доош болон 30-аас дээш насны иргэдийн дунд хамгийн элбэг тохиолддог. Улаанбурхан өвчний эсрэг дархлаа тогтоогүй бүх иргэн халдвар авах боломжтой.  Тэгвэл улаанбурхан өвчин хэрхэн халдварлах вэ гэвэл халдвар тээгч ханиах, найтаах үед, мөн түүнтэй аливаа байдлаар ойртож хүрэх, хамар болон амны хөндийн халдвартай шүүрэл /нус, цэр/ хүрэлцэх зэргээс халдварлана. Мөн өвчний вирус агаар болон халдвар үүссэн гадаргууд хоёр цаг хүртэлх хугацааны турш идэвхтэй буюу халдвар үүсгэх чадвартай байдаг байна. Энэ өвчин ямар шинж тэмдгээр илрэх вэ гэвэл өндөр халуурах. Энэ нь вирус халдсанаас 10-12 өдрийн дараа эхэлж, дөрвөөс долоо хоног үргэлжилнэ. Үүний дараа биеэр, ихэвчлэн нүүр, хүзүүний дээд хэсгээр тууралт гарна. Тууралт гарснаас хойш гурав хоногийн дотор тууралт нэмэгдэж, гар, хөлөөр тархана. Тууралт нь таваас зургаа хоноод бүдгэрдэг. Тиймээс ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш, эцэг, эх та бүхнийг дархаалжуулалтад хүүхдүүдээ  идэвхтэй, хамруулахыг  уриалж байна хэмээн ажлын хэсгийнхэн нэмж дуулгалаа.


Өвчний дэгдэлт дэлхий даяар дахин сэргэж байгаатай холбоотой

дархлаажуулалт хийж байна

Улаанбурхан өвчний тохиолдол Монгол Улсын өмнөд хэсэг Өмнөговь аймагт 2019 оны 3-р сарын 6-ны өдөр бүртгэгдсэн. Тухайн тохиолдол нь 39 настай, гадаад улсын иргэн бөгөөд Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Оюутолгой компанийн ажилтан юм. Одоогоор мэдэгдээд байгаа хоёр дахь тохиолдол нь Говьсүмбэр аймгийн дунд сургуулийн сурагч 13 настай хүү бөгөөд уг хоёр тохиолдол нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.  

Монгол Улс Улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосон хэмээн 2014 онд батламж авсан хэдий ч 2015-2016 онд буюу хоёр жилийн хугацаанд тус өвчин дахин дэгдсэн нь Монгол Улсын түүхэн дэх хамгийн их тархалттай дэгдэлт болсон ажээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй өвчнүүдийн нэг бөгөөд Улаанбурхан өвчний эсрэг хүн амын дархлал тогтоц 95 хувиас доош байгаа нөхцөлд тус өвчний вирус хүн амын дунд дамжин тархах эрсдэл бий гэж үздэг байна. Үндэсний хэмжээнд 2016 онд хийсэн улаанбурхан, улаануудын дархлал тогтоцын ийлдэс судалгааны үр дүнд Монгол Улсын 8-17, 31-35 насны иргэдийн улаанбурхан өвчний эсрэг дархлаа 90 хувь байгааг тогтоосон.  Монгол Улсад 2019 оны 3 сараас хойш Улаанбурхан өвчний тохиолдол дахин бүртгэгдээгүй байгаа хэдий ч тус өвчний дэгдэлт дэлхий даяар дахин сэргэж байгаатай холбоотойгоор дэгдэлт гарсан улс орнуудаас өвчний үүсгэгч дамжин орж ирэх эрсдэл өндөр байна. Уг өвчний халдвар маш хурдан тархацтай тул гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн вирус нь бага насны хүүхдүүд, дархлаагүй иргэд халдварлах эрсдэлтэй. 

Улаанбурхан өвчин, түүнээс үүдэлтэй хүндрэлүүдэд менингоэнцефалит, нүд, хараа, чихтэй холбоотой хүндрэл, өвчлөлүүд, хүнд хэлбэрийн суулгалт, түүнээс улбаатай шингэний дутагдал, уушигны хатгаа зэрэг онц ноцтой амьсгалын замын халдварт өвчнүүд багтах ба цаашлаад нас баралтад хүргэх эрсдэл 10-30 хувь тохиолддог ажээ. 

Холбоотой мэдээ