Сумын нотариатчийн үүрэг гүйцэтгэгч ЗДТГ-ын тамга хэрэглэхгүй байхыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-22 21:03:47
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн хэлэлцэж, дэмжив. Нотариатын тухай хуулийн төсөлд, нотариатч ажиллаагүй сумын ЗДТГ-ын хуулийн мэргэжилтэн ЗДТГ-ын тамга ашиглахгүй байхаар өөрчлөлт оруулжээ. 


Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар танилцуулсан.

Анхны хэлэлцүүлгийн үеэр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг бэлтгэсэн гэдгийг хэллээ. Хуулийн төслийн зарим зүйл, заалт хоорондоо зөрчилдсөн гэж хуулийн төслийн ажлын баг үзжээ. Тиймээс эл хуулийн төсөлд нотариатч ажиллаагүй сумын Засаг даргын Тамгын газар /ЗДТГ/ -ын хуулийн мэргэжилтэн нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэх болсонтой холбоотойгоор үүрэг гүйцэтгэгч нь ЗДТГ-ын тамгыг хэрэглэхгүй байхаар зохицуулжээ. Ингэснээр хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс олгосон дугаар бүхий тогтоосон загварын дагуу тамга, баталгааны тэмдэг хэрэглэх юм байна. Мөн хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нотариатын үйлчилгээг албан татвараас чөлөөлөх заалтыг нэмж тусгах саналыг тус тус гаргасан байна.


Ажлын багийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэг бүрчлэн санал хураав. Ингээд төслийг эцэслэн хэлэлцсэн тухай Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 

Холбоотой мэдээ