Архангай аймгийн 2100 иргэнийг бүрэн эмчилжээ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-05-23 19:17:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар АНУ-ын “Гилеад Саинсис” компанийн Ази, Номхон далайн бүсийн захирал Бен Кемаркийг хүлээн авч уулзлаа.


“Гилеад Саинсис” компани Монгол Улсад “Хүртээмж” хөтөлбөр хэрэгжүүлэн, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн санаачилга, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нарын дэмжлэгтэйгээр Архангай аймгийн элэгний С вирустэй хүмүүсийг “Харвони” эмээр үнэ төлбөргүй эмчлэх хөтөлбөр хэрэгжүүлсэн юм. Хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн 44000 иргэнийг 2 үе шаттай үзлэг, шинжилгээнд хамруулжээ. Үүнээс 2100 иргэн элэгний С вирустэй гарсныг бүрэн эмчилжээ.


Ноён Бен Кемарк “Архангай аймагт элэгний эмгэгийг оношлон илрүүлэх, С вирустэй иргэдийг эмчлэх төсөл маань амжилттай хэрэгжиж дууслаа. Энэ ажил Ази, Номхон далайн бүс нутагт үлгэр жишээ болохуйц үр дүнтэй болсныг олон улсын эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд хэлж байгаа. Өмнө нь бид энэ төрлийн хөтөлбөрийг бусад улс орнуудад хэрэгжүүлж байсан ч Архангайн аймагт хэрэгжүүлсэн шиг ийм сайн үр дүнд хүрч байгаагүй. Тиймээс Архангайд хэрэгжүүлсэн туршлагыг Монгол даяар, дэлхийн бусад улс оронд түгээн сурталчлах нь чухал. Архангай аймагт хэрэгжүүлсэн хөтөлбөр Монгол Улсын хэмжээнд иргэдээ элэгний С вирусгүй болгох эмчилгээний загвар болно гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.


Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Архангай аймагт хэрэгжүүлсэн төслөө улсын хэмжээнд үргэлжлүүлэхийг хүсэв.


Ноён Бен Кемарк “Бид энэхүү хөтөлбөрөө 1-2 аймагт, эсвэл нийслэлийн дүүргүүдэд үргэлжлүүлэх бодолтой байгаа. Энэ талаар Эрүүл мэндийн яамтай зөвлөлдөнө. Бид монгол хүмүүсийг элэгний С вирусгүй болгох үйлсэд хувь нэмрээ оруулахын төлөө хичээж ажиллах болно” гэлээ.

Холбоотой мэдээ