Польшийн Элчин сайдын яамыг нээх асуудлыг тогтож ярив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-28 14:56:23
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд найрамдах Польш улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгад итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.


Ноён К.Бойког Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзан Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдож буйд баяр хүргэв. Мөн Монгол, Польшийн уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилд идэвхтэй өргөжиж буйд баяртай байгаагаа илэрхийлж, урлаг соёл, спортын харилцааг өргөтгөх хүсэлтэй гэдгээ хэллээ.


Одоогоор, Польш улсад Монголын 1000 орчим иргэн байнга оршин сууж, ажил хөдөлмөр эрхэлж байгаагаас 600 орчим нь албан ёсоор хөдөлмөр эрхэлдэг байна. Тэр дундаа уламжлалт анагаах ухааны салбарт ажиллаж байгаа монгол эмч нар Польш улсад амжилттай явааг Монгол Улсын Ерөнхийлөгч дурдаад, тэднийг лицензжүүлэх болоод нийгмийн хамгааллын асуудлаар ноён Элчин сайдтай дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов.


Мөн хоёр талаас хөдөө аж, ахуйн хамтын ажиллагааны асуудлыг хөндөн ярилцаж, Монголын хөдөө, аж ахуйн салбарт Польшийн технологийг нэвтрүүлэн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэд, аж ахуйн нэгж хооронд худалдаа, бизнес эрхлэх шинэ гарц нээх боломжтой зэргийг ярилцлаа.


Мөн талууд Монгол, Польшийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд байнгын үйл ажиллагаатай Элчин сайдын яам чухал үүрэгтэй гэдэгтэй санал нийлж, Польшийн тал Элчин сайдын яамаа Улаанбаатар хотод нээх асуудлаар тогтож ярив.

Холбоотой мэдээ