Тамхийг бус эрүүл мэндээ хамгаалахыг уриалав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн тамхигүй өдөр маргааш тохионо. Энэ өдрийг угтан ЭМЯ-наас тамхины хяналтын бодлого ДЭМБ-ын хэрэгжүүлж буй бодлого, Монгол дахь тамхины хэрэглээний өнөөгийн байдал үүнтэй холбоотой хавдар, өвчлөлийн талаар мэдээллээ.
Эл өдрийг энэ жил
“Өдөр бүрийг тамхигүй өдөр болгоцгооё” уриан дор тэмдэглэн, тамхины хэрэглээ
хүн амын уушгины эрүүл мэндэд хохирол учруулж байгаад анхаарлаа хандуулах юм.
НҮБ-аас 2015-2016
оны тамхины хяналтын суурь конвенцын үнэлгээний зөвлөмжийн дагуу усан тамхи,
электрон тамхи нь утаат тамхитай адилхан хор нөлөөтэй гэдгийг баталж адилтган
хуульчлахаар зөвлөжээ.
ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газрын халдварт бус
өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн С.Болормаа хэлэхдээ, “Сүүлийн жилүүдэд электрон, шингэн,
усан, зажилдаг, уусдаг гэсэн төрөл бүрийн тамхи үйлдвэрлэж байна. Харамсалтай
нь янжуур тамхинаас хор багатай, никотингүй, тамхинаас гарахад тусалдаг гэх
мэтээр төөрөгдүүлсэн худал мэдээлэлд залуучууд нэн ялангуяа өсвөр насныхан
итгэж тамхинд эрт орж байна. Эдгээр нь янжуур тамхинаас хор багатай гэсэн шинжлэх
ухааны үндэслэлгүй” гэв.
ЭМЯ-ны Нийгмийн Эрүүл мэндийн газрын дарга
Т.Энхзаяа, “ДЭМБ-аас 2003
онд баталсан тамхины хяналтын суурь конвенцид Монгол Улс хамгийн анх нэгдэн
орсон. Гишүүн улсын хувьд, конвенцын зүйл заалтыг хэрэгжүүлж тамхины хяналтын
тухай хуулийг шинэчлэн сайжруулахаар ажиллаж байна. Мөн иргэдэд тамхины уушгинд
үзүүлэх сөрөг нөлөө, амьсгалын замын архаг өвчин, хорт хавдрын талаарх
мэдээллийг сурталчилж ямар ч хэлбэрээр хэрэглэхгүй байхыг уриална. Бид
“Тамхидалтын эсрэг хувьсгал” кампанит ажил, тамхины хэрэглээг бууруулах үр
дүнтэй арга зам, тамхигүй өдөр гэх мэт нөлөөллийн ажлаас гадна бусад салбартай
хамтарсан “Тамхи ба татвар” зэрэг ажлыг төлөвлөж байна. Мөн ДЭМБ-ын санхүүжилтээр 2017-2018 онд
тамхины хууль бус худалдааг тогтоох судалгааг хийж байгаа. Түүнчлэн зөвлөмж,
нотолгоо, хамтын ажиллагаанд үндэслэн тамхины хяналтын хуулийн хэрэгжүүлэлтийг
эрчимжүүлэхээр ажиллаж байна” хэмээн ярилаа.
2013 оны халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн судалгаагаар Монгол Улсад 5 хүн тутмын 1 нь тамхи татаж байна гэсэн тооцоо гарчээ. Мөн ЕБС-иудад тамхины судалгаа хийхэд сурагчдын 22 хувь нь тамхи татаж үзсэн, 61.4 хувь нь 14 наснаасаа өмнө тамхи татаж үзсэн гэжээ. Судалгаанд хамрагдсан сурагчдын 44.6 хувь нь эцэг эх асран хамгаалагч нь тамхи татаж дам тамхидалтад өртдөг гэж хариулсан байна. Тиймээс эцэг эх, иргэн бүр тамхийг бус эрүүл мэндээ сонгож, өөрсдийн болон хүүхдийнхээ эрүүл мэндийг тамхины хор хөнөөлөөс хамгаалах ажлыг дэмжихийг уриаллаа.
Дэлхийн тамхигүй өдрөөр “Өдөр бүрийг тамхигүй өдөр болгоцгооё” уриатай видео сурталчилгааны уралдаан, тамхины эсрэг сурталчилгаа бүхий алхалт, флашмоб, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Г.Батчимэг
Гэрэл зургийг Н.Батбаяр