Б.Лхагва: Махны үнийг шууд хянах хуулийн зохицуулалт байхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
192@montsame.mn
2019-05-30 14:31:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-аас махны үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг тогтоохоор томоохон зах, худалдааны төвүүдэд шалгалт хийжээ.


Тодруулбал, тус агентлагийн даргын энэ оны нэгдүгээр сарын 4-нд баталсан удирдамжийн дагуу "Эмээлт” зах, Эмээлтийн мах нядалгааны газар болон "Саян хан", "Шилүүст сүмбэр", "Ди эф интертейшнл трейд" компани болон "Хүчит шонхор" худалдааны төвд шалгалт хийж, дүгнэлтээ гаргажээ.


ХХААХҮЯ 2019 оны нөөцийн махыг хангалтгүй бэлтгэсэн, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниуд орон нутагт үйлдвэр байгуулж, улмаар малчдаас их хэмжээний мах худалдан авсан нь нийслэлд борлуулж буй махны үнэ өсөхөд нөөлсөн гэдгийг дүгнэлтэд дурдсан байна. Мөн дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрүүд Хүчит шонхор захаас их хэмжээний мах худалдан авсан, мах бэлтгэх тогтолцоо бүрдээгүйн улмаас дотоодын худалдаа ченж нараар дамждаг нь үнийн өсөлтөд нөлөөлжээ.


Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Лхагва, “Мах борлуулах зах зээлд монопол буюу давамгайлсан аж ахуйн нэгж байдаггүй тул үнийг шууд хянах хуулийн зохицуулалт байхгүй. Гэхдээ манай байгууллага Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн дагуу иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу шалгалт хийсэн. Дүгнэлтээ Засгийн газар болон ХХААХҮЯ-нд хүргүүлсэн” хэмээв.

Б.Халиун

Холбоотой мэдээ