Ж.Батзандан: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллахын төлөө ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-31 16:36:16
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-аас байгуулсан Түр хорооны дарга Ж.Батзандан болон УИХ-ын гишүүн Л.Болд нар ШШГЕГ-ын харьяа 401 дүгээр хорих ангийн эмнэлгийн ажилтай өнөөдөр танилцаж, С.Зоригийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай уулзав.  


Тэд хорих ангийн нөхцөл байдалтай танилцаж, яллагдагч нартай уулзсаны дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Ж.Батзандан, “Яллагдагч нартай ганцаарчилж уулзлаа. Т.Чимгээгийн биеийн байдал тааруу байна. Олон сар шулуун гэсэднээс нь цус алдсан, нэлээд тамирджээ. Хорих ангийн эмч, дарга нарт эдгээр хүмүүсийг хилсээр хорьчихоод амийг нь битгий “авчихаарай” гэж хэллээ. Тэднийг нарийн шинжилгээнд оруулах саналаа ч хэлсэн. Б.Содномдаржаагийн хувьд ч биеийн байдал тааруу байна. Тамирдсан, цөхөрсөн шинжтэй харагдсан. Эмнэлгийн ажилчид эмчилгээ хийж байгаа гэсэн ч эмнэлгийн үйлчилгээ сайн харагдсангүй.  Энэ хүмүүсийг хилсээр хоригдсон гэдгийг Түр хорооны гишүүд олон баримтаар нотолж байна. Удахгүй шинээр илэрсэн нөхцөл байдлын хүрээнд тэднийг цагаатгаж, суллахын төлөө Түр хороо ажиллана” гэв. 


УИХ-ын гишүүн, Түр хорооны гишүүн Л.Болд, “Маргааш эх, үрсийн баярын өдөр. Т.Чимгээ гурван хүүхэдтэй байсан. Хоригдож байх үед нэг охиноо алдсан. Б.Содномдаржаа найман хүүхдийн эцэг. Түр хорооноос хилсээр хоригдож буй иргэдийг чөлөөлөх хөдөлгөөн өрнүүлж байна. Т.Чимгээ 400 хоног хоригдохдоо, 100 гаруй хоногт нь богино өмдтэй, дотуур хувцсаа ч угаах боломжгүй нөхцөлд байсан. Байцаалт авч хүүхдийнх нь оршуулганд явуулаагүй. Хэрэг хүлээлгэх гэж архи уулгаж, согтож унасны дараа бичлэг хийсэн гэдгийг ч тэрээр хэлж байна. Бид эрүүдэн шүүсэн бичлэгийг олон нийтэд ил болгох саналыг Түр хороонд дэвшүүлнэ. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар энэ бичлэгийн боломжтой хэсгийг олон нийтэд үзүүлэхийг зөвшөөрсөн” гэв. 

Холбоотой мэдээ